2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:

“Монголын ирээдүй сурагч багачууд, оюутан залуус аа,
Эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ээ,
Та бүхэндээ жил бүрийн намар хүн бүрийн хүсэн хүлээж, догдлон угтдаг есдүгээр сарын нэгний өдрийн мэндийг дэвшүүлье.
Есдүгээр сарын нэгэн бол эрдмийн баяр хэмээн дуулж өссөн, хүн бүрт эрдэм номд тэмүүлэхийн баяр жаргалыг мэдрүүлдэг гэгээн өдөр. Бас ээж аавын энхрийхэн бяцхан үрс эрдэмд хөтлөх багш нарынхаа гараас атган, эрдмийн өргөөнд алхаж ордог анхны өдөр.
Мэдлэг бол хүн таны насан туршийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндэс болдог хамгийн агуу хүч. Мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуустаа талархал илэрхийлж, эрдэм мэдлэгийн өглөгч багш Танд мөргөе.
Дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлын улмаас манай оронд бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд удаж байна. Өнөөдөр ч гэсэн коронавируст халдварын цар тахлын хорио цээр хэвээр хадгалагдаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, хичээлийн шинэ жил “чимээгүйхэн” эхэлж байна.
Миний хувьд оны эхнээс бүх нийтээр хэрэгжүүлж эхэлсэн цахим сургалтын чанар, үр дүн, өгөөж ямар байгааг хэлэхэд бэрх. Бас айдас хүйдэс бий болгосон коронавируст халдварын цар тахал дэлхий нийтээр ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Гагцхүү үүнээс болж суралцагчдын танхимын сургалтын үргэлжлэх цаг хугацаа, хөтөлбөр агуулга хязгаарлагдаж, хүүхэд, залуучуудын сурч боловсрох асар их боломж алдагдаж байна гэдгийг л мэдэрч, санаа зовж байна.
Манайд цахим хичээлийг бэлтгэх, боловсруулах, хөгжүүлэх, үнэлэх, харилцан хүлээн зөвшөөрөх нэгдсэн стандарт, аргачлал байна уу? Сургуулиудад цахим сургалтын нэгдсэн платформ, анги, танхим, лаборатори, студи, тоног төхөөрөмж, программ хангамж хангалттай байна уу? Суралцагчдын алдагдсан боломжийг хэрхэн яаж нөхөх вэ? Цахим сургалтын хүртээмж, боломж муутай байгааг юугаар орлуулах вэ? Бүгд асуултын тэмдэгтэй байна.
Бэлэн биш байдлын үр дагаврыг зөвхөн багш нар үүрч, хүүхэд залуучууд хохирч үлдэхэд хүрч байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл хорионд орсон хүүхдүүд утас, дэлгэцээс салахаа байж, эцэстээ сэтгэцийн эмгэгтэй болж эрүүл мэндээрээ хохироход хүрч байгааг анзаарахгүй өнгөрч огт болохгүй. Тэгэхээр төр засаг төдийгүй мэдлэгийн өглөгч багш нар, мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуус, аав ээжүүд бид нэгийг бодох цаг болж.
Нөхцөл байдал ямар байгаагаас хамаарахгүйгээр сурах, мэдэх, дадах чиглэлийг тууштай баримталбал “мэдэхгүй чадахгүй гэх явдал үгүй болж хандах зүг өөрөө тогтоно” гэсэн жанжин Сүхбаатарын үгийг би энд сануулмаар байна. Учир нь мэдлэгт хомсдол үүсэж байгаа энэ үед оюутан, сурагчид, хүүхэд багачууд та нар ном сайн уншиж, эх хэл, түүх соёлоо таньж мэдэх, аав ээж, эх орон, ард түмэндээ хайр энэрэлтэй, эрэлхэг зоригтой, эрч хүчтэй монгол хүн болж төлөвшихийн төлөө эрдэмд шамдаж, хичээх хэрэгтэй байна.
Биднийг бага байхад заавал унших номын жагсаалт гэж сурагчдад даалгавар өгдөг, аав ээжүүд номын багш залж хүүхдүүддээ гэрээр ном заалгадаг байсныг санаж байна. Наад зах нь энэ цаг мөчид тэр уламжлалыг сэргээж яагаад болохгүй гэж? Хүүхэд залуучууд та нар эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Д.Маамын “Газар шороо”, Баабарын “Нүүдэл суудал“, 1772 онд бичигдсэн Пети де Круагийн “Аугаа их Чингис хааны түүх” зэрэг зохиолуудыг уншихад болохгүй зүйл гэж үгүй. Ном уншиж сурсан хүүхэд ганцаараа байж чаддаг, бие дааж сэтгэн бодож чаддаг. Энэ бүхнийг эрдмийн өглөгч эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн минь тунгаан бодож, анхааралдаа авна биз ээ.
Хүүхэд залуучууд та нар биеийн тамир спортоор хичээллэдэг, эрүүл мэнддээ анхаардаг, элдэв хорт зуршлаас ангид, сэтгэл тэнүүн, баяр жаргалтай хүн бие эрхтний хувьд эрүүл чийрэг, оюун санааны хувьд саруул байдаг гэдгийг бүү март. Эцэг эхчүүд ч үүнийг санаж, өөрсдөө хүүхдүүддээ үлгэрлэж сурах хэрэгтэй байна. Үүнд ямар ч хөрөнгө мөнгө шаардлагагүй, зөвхөн хүсэл тэмүүлэл, зорилго байхад л болно.
Боловсрол бол тэгш бус байдлыг гааруулах бус арилгах гол хэрэгсэл байх учиртай. Гэтэл монголын боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, хэвшил нь тэгш бус байдал, ялгааг дэвэргэх чиглэл рүү хэлбийж байна. Энэ нь “Уламжлалт зан заншил, түүх, соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших” гэсэн төрийн бодлогыг сөрж, гаднын өртөг өндөр, монгол уламжлалаас ангид агуулгыг монголын ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрт тулгах гэсэн оролдлоготой салшгүй холбоотой. Тиймээс монгол төрийн бодлогод “боловсролын талаар шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, ил тод, судалгаа, нотолгоонд суурилсан, сайн засаглалын зарчимд нийцсэн байх” зарчмыг тунхагласан гэдгийг төрийн түшээдээсээ эхлээд хүн бүхэн санаж явах учиртай гэдгийг миний бие өнөөдөр дахин сануулж байна.
Хэдийгээр Монгол Улсад дотооддоо коронавируст халдвар тархаагүй байгаа хэдий ч хичээл сургалт эхэлсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэмд нийцсэн халдваргүйжүүлэлтийн дэглэмийг хатуу сахиж, хүн бүр эрүүл мэнддээ анхаарах нь зүй ёсны асуудал. Гэхдээ төрийн байгууллагууд цар тахлын улмаас үүссэн олон төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ хэт сүржигнэж, бусдад төвөг учруулахгүйгээр шийдэх хэрэгтэй гэдгийг анхааруулж, хорио цээрийн дэглэмийг ягштал биелүүлэхийг хүүхэд багачууд, оюутан, сурагчид, сургуулийн нийт хамт олонд уриалж байна.
Та бүхэнд шинэ хичээлийн жилийн мэндийг дахин дэвшүүлж, Эзэн Чингисийн үр сад улам олон болж, эрдэм төгс хойч үе маань эрүүл саруул өсөн торнихын өлзийт ерөөлийг өргөн барья.
Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун өнөд дэлгэрэх болтугай” гэжээ.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
