Эрдэнэт үйлдвэрийн харьяа бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв энэ жил 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд 300-аад хүүхдийг амьдралын замд үдсэн буянт газрыг сурвалжлахаар зорилоо. Байрны гадна өнгөө шинэчилсэн нь холоос тод үзэмжтэй. Хүүхдүүд үүдэнд байрлуулсан шингэнээс сурмаг гэгч нь авч гараа ариутган гүйлдэнэ. Хичээлийн танхимаар түрүүлж орлоо. Өглөөний ээлжийн хүүхдүүд энд гэрийн даалгавраа хийцгээж, ойлгоогүй хичээлийг нь багш нь давтан зааж байв. Онцгой дэглэмийн шаардлага, зохион байгуулалтыг ягштал баримталж буй нь илт. Хүүхдүүд хоорондоо хол зайтай суух бөгөөд бүгд амны хаалтаар жигдэрчээ. Сургалтын танхим нь дутуу юмгүй бүрэн агаад саруулхан цэмцгэр. Бүтэн өнчин хүүхдийн асрамжийн газар гэхээр уруу царайтай, дорой дуутай багачуул хайр нэхсэн харцаар тосож угтахаар төсөөлсөн минь эндүүрэл байв. Цэвэрхэн, бүр томхнууд нь загварлаг гэмээр хувцасласан, нүдний гал нь бөхөөгүй, цовоо дуутай хүүхдүүд асуултад цаанаа л нэг бодолтой, тулхтай хариулах нь зөв төлөвшлийн шинж.
Эднийд нэг ой, найман сартайгаас19 насны 60 хүүхэд нэгэн гэр бүл болон амь сэтгэл нэгсэн амьдарч байна. Тэд зундаа “Хөдөлмөр” зусландаа амарч, өөрсдийн хэрэгцээний хүнсний ногоо, жимс, цагаан идээгээ базаахын зэрэгцээ амьдрах ухаан, ажилд суралцдаг. Энэ жилийн хувьд хүнсний нарийн ногоо түлхүү ургуулж, талбайгаа амраах зорилгоор төмс бага тарьжээ. Харин гүзээлзгэний гарц сайн байсан тул 80-аад литрийг түүж 50 гаруй шил чанамал хийсэн байна. Хүүхдүүд анх удаа сонгино, саримс тарьж үзсэн талаараа ам уралдан хуучиллаа. Саримсны ургалт санасанд нь хүрээгүй гэнэ. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан хүнсний ногоо хэрэглэхэд хоол илүү амттай санагддаг гэх. Багш, ажилтнууд нь багачуудаа шар сүүнд оруулж, айргаар биеийг нь шавшиж, элсэн дээр хөл нүцгэн гүйлгэх зэргээр дархлааг нь дэмжиж, өвлийг өвчин тусахгүй давах бэлтгэл хангажээ.
“Энэрэл” төвийн байрны дотор засвар дуусжээ. Удахгүй душны засвар эхлэх гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Энэрэл”-ийн хүүхдүүдээ тав тухтай орчинд сэтгэл ханамжтай амьдрах бүхий л бололцоогоор ханган ажилладаг. Гар ариутгах санитол, амны хаалт хэрэгслийг гэхэд зургаан сараар зэхжээ. Хоёр хүүхэдтэй айл багачуулаа сургууль, цэцэрлэгт нь зөөхдөө бачимдан барьц алдаж байхад энэ олон хүүхдийг нааш, цааш нь яажшуухан зөөж зохицуулдаг юм бол гэх бодол эрхгүй төрнө. 12-оос доош насны хүүхдүүдээ нарийн зохион байгуулалт, хуваарийн дагуу сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг гэнэ. Энэ жил хоёр хүүхэд шинээр сургуульд оржээ. Эднийх Мишээл нэртэй хоёр охинтой бөгөөд нэгийг нь том Мишээл, нөгөөхийг нь жижиг Мишээл гэж дуудна. Хичээлийн анхны өдөр багш нь “Миний охины нэрийг хэн гэдэг вэ?” гэж асуухад “Жижиг Мишээл” гэж хариулсан тухай багш нь ярихдаа “Эгэл айлын хүүхэд бол тэрний тэр гэж овог, нэрээ бүтнээр хэлэх байсан даа” гээд аньсага нь чийгтэв. Өнгөрсөн намар таван хүүхэд сургуулиа тун амжилттай төгсжээ. Нэг нь МУБИС, гурван хүү нь Төмөр замын дээд сургууль, нэг нь МУИС-д элссэн байна. “Ер нь манайд 70-аас доош суралцдаг хүүхэд байхгүй” гэж эрхлэгч нь ам бардам ярьсан. Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” төвийнхөө оюутнуудын дөрвөн жилийн сургалтын болон дотуур байрны төлбөрийг төлж, хүссэн мэргэжлээ эзэмших боломжоор бүрэн хангадаг. Хэдийгээр асрамжийн газрын нийтлэг журмаар хүүхэд 18 нас хүрээд бие даан амьдрах ёстой боловч “Энэрэл”-ийнхэн ихэнхдээ ажил, амьдралд хөл тавьтлаа эндээ сэтгэл хорогдоно. Амьдрал дээр гараад ч эргэх холбоо тасардаггүй гэнэ. “Энэрэл” төвөөс өрх тусгаарласан олон залуу одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Эхлээд гарсан хүүхдүүд нь 40 хүрсэн идэр залуус болжээ. Тэд дүү нараа эргэж, аль болох тус дэм үзүүлэхийг хичээнэ. “Би сүлжээний инженер юмаа, дүү нартаа компьютерийн хичээл зааж өгөх гэсэн юм”, “Би номын сан байгуулж өгье” гээд л ирдэг гэнэ. Өнгөрсөн зун эднийх аймгийн арслантай болсон. Хоёр настай байхдаа асрамжийн төвд ирж, “Энэрэлийн” гэх хүмүүжлээр төлөвшиж, спортод хөл тавьсан залуу Орхон аймгийн наадамд түрүүлчхээд хамгийн түрүүнд байрандаа ирж багш нартаа хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь “Хөдөлмөр” зусландаа очиж дүү нартайгаа өнжихдөө туниа муутай жаахан хүү байснаа дурсан ярьж хүүхэд багачуудад хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилго тэмүүллийг өгчээ. Ийм л чин сэтгэл, нандин холбоо үл тасарна.
Нэг өрөөг шагайвал дэрсхэн хоёр том охин саяхан энд ирсэн ой гарантай дүүгээ саатуулан тоглож байна. Нэгийг нь зүс таних. Өнгөрсөн шинэ жилийн баяраар “Энэрэл”-ийн хүүхдүүд авахын хүссэн бэлгээ бичсэн захидлын хариуг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүргэж өгсөн юм. Жаахан охид хүүхэлдэй, нүүр будгийн хэрэгсэл, эрэгтэй хүүхдүүд тоглоомон машин, сагсан бөмбөг, унадаг дугуй гээд хөвөрсөн. Тэр дунд “Шинэ гар утастай болмоор байна” гэсэн хүсэл бичиж, хамгийн том бэлэг авсан охин мөн байв. Жаахан нь харваас тэжээлийн дутагдалтай, асаргаа дутсан нялх “амьтан”. Жижигхэн хөлийг нь үнсэн инээлгэх гэж нэг нь хичээнэ. Нөгөө нь энгэртээ наан эрхлүүлж эгээ ээж нь мэт эвийлнэ. Охидтой цөөн хором ярилцахад хоёулаа сэтгэл зүйчийн мэргэжлээр сурч буй оюутнууд гэнэ. Багаасаа сэтгэлийн зовлон амсаж өссөн болохоор өөртэйгөө адил хүүхдүүдэд туслах зорилгоор мэргэжлээ ийн сонгожээ. “Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?” гэсэн миний асуултад тэр “Сайн ээж болоод элэг бүтэн сайхан амьдарна гэж боддог” гэж хариулсан. Ингэж л тэд нэгэн эхийн хэвлийгээс мэндлээгүй ч заяа тавилангийн эрхээр төрснөөс өөрцгүй эгч, дүүс болж ижилддэг. Дээхэн үед “Энэрэл” төвийн хүүхдүүд 150 хүрч байсан гэдэг. Сүүлийн үед нийгэм өөрчлөгдөж, стандарт яригддаг болсон учраас 60 хүүхдээс хэтрүүлэхгүй барих болжээ. Гэсэн ч жил бүр 3-4 хүүхэд шинээр ирдэг байна. Улсын хэмжээнд нийгмийн хариуцлагатай байгууллагын жишиг тогтоогч Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” төвийн хүүхдүүдээ мөрөөдлийн аялалд гаргаж, олон улсын “Найрамдал” зусланд амрааж, Нийслэлд үзвэр үйлчилгээ үзэх боломжоор ханган эрхлүүлдэг. Энэ жил тэдэнд зориулж спорт заал шинээр барьсан. Хэдхэн жилийн өмнө энэ төвөөс гарсан залуус гэр бүл зохиоход Эрдэнэт үйлдвэр хоёр өрөө байр бэлэглэснийг тодхон санаж байна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэргэд хүүхдэд ээлтэй, хэрэгтэй, тухтай бүхнийг цогцлоосон, энэрэл хайр шингэсэн “ертөнц”-д өсөн хүмүүжиж буй багачууд бүхэн хайр татам байна.
М.ОДГЭРЭЛ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
