“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”

2020 оны 12-р сарын 01 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b8c470036cb4cc15269242cd8b67dad50dd7a244

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 32 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2020 онд ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг COVID-19-ийн хариу арга хэмжээний нэг хэсэг байдлаар тасралтгүй үзүүлэхэд Дэлхийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нар нэгдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэлхийн эв нэгдэл-Хамтын хариуцлага” уриан дор зохион байгуулах юм.

2019 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 38 сая хүн амьдарч байна.

  • ХДХВ-ийн халдвартай 5 хүний нэг нь өөрсдийн халдварын талаар мэдээгүй байна.
  • ХДХВ/ДОХ-ын эмчилгээ хийлгэж байгаа 3 хүний нэг нь, ялангуяа хүүхдүүд болон өсвөр үеийнхэн ХДХВ-ийн халдварын эмчилгээ, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээний тасалдалд өртөөд байна.
  • ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээг өргөжүүлэх үйл явц COVID-19-ийн цар тахлаас өмнө удааширч эхэлсэн ба энэ удаашрал нь Дэлхийн хэмжээнд 2020 онд хүрэхээр зорьсон 90-90-90-ийн зорилтод (ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 90% нь өөрийн статусийг мэдсэн байх; ХДХВ-ийн халдвартай оношлогдсон хүмүүсийн 90% нь эмчилгээнд хамрагдсан байх; болон Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 90%-д нь вирусийн ачаалал дарангуйлагдсан байх) хүрэлгүй алдаж байгааг харуулж байна.
  • 2019 онд 690,000 хүн ХДХВ-ийн халдварын шалтгаантай нас барж, 1.7 сая хүн шинээр халдвар авсан ба эдгээр шинэ тохиолдлуудын 62% нь түлхүүр хүн ам болон тэдний хамтрагч нарын дунд тохиолдсон байна. 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусыг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон. Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэнч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд ХДХВ-ийн халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг онцолж, олон нийтэд суурилсан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна” гэж НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрийн захирал хатагтайВинни Бьянима цохон тэмдэглэсэн.

Дэлхийн ХДХВ-ийн халдварыг зогсоох 2020 оны тавьсан зорилтондоо хүрээгүй байгаа нь бид ухрах биш цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн шинэчлэх дохио болсон. КОВИД-19 халдвар, цар тахлын улмаас энэ жил “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн талаар иргэдэд олон нийтийн мэдээллийн сувгаар идэвхжүүлэн ажиллаж байна.

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн хүрээнд дараах зураг хуудас, инфографикийг боловсруулан түгээж байна.

  • ДОХ-ыг устгахаар ажиллаж байгаа хүн бүрт Талархацгаая.
  • ХДХВ-ийн халдвартай холбоотой ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолын эсрэг зогсооцгооё:
  • COVID-19-ийн цар тахлын үед Эрүүл мэндийн ажилтныг хамгаалж дэмжсэнээр ХДХВ/ДОХ-ын халдварын тусламж үйлчилгээг аюулгүй хүргэнэ
  • Хүн бүр, хэн байх, хаана байгаагаас үл хамааран COVID-19-ийн цар тахлын үед ХДХВ-ийн тусламж үйлчилгээ авах боломжтой байх ёстой.
  • Эрт илрүүлэг, оношлгоо нь:

-ХДХВ-ийн халдварыг бууруулж чадна
-ДОХ-ын шалтгаант нас баралтыг бууруулж чадна
-Эмчилгээ, тусламж үйлчилгээг шаардлагатай байгаа хүн бүрт цаг алдалгүй хүргэнэ.
ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна.
Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн(энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсанбөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.
ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39нас)оношлогдсон байна.
ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг.
Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх