З.БЯМБА-ОД: Энэ онд үйлдвэрийн дотоод сүлжээнд томоохон шинэчлэл хийнэ

2021 оны 01-р сарын 26 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS8039

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд авто-матжуулалтын ямар ажил хийж буй талаар Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн дарга З.Бямба-Одоос тодрууллаа.

-Үйлдвэрийн хэмжээнд программ хангамж, автоматжуулалт хийснээр ажлын ямар үр дүн гарч байна вэ?

-Манай цехийн үндсэн зорилго нь Үйлдвэрийн автоматжуулалтын тоног төхөөрөмж, мэдээллийн систем, холбоо, галын автоматжуулалт, видео хяналтын системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн программ хангамжийг боловсруулж нэвтрүүлэх юм. Программ хангамжийг нэвтрүүлснээр ажлын бүтээмж нэмэгдэж цаг хугацаа хэмнэдэг. Тухайлбал, И-оффис систем нэвтрүүлснээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хооронд баримт бичиг зөөх болон хувилж тараах ажил багассан, цаас хэмнэсэн зэрэг эерэг үр дүн гарч байгаа.  Манай цех нь зэс, молибдены хүдэр олборлохоос эхлэн боловсруулж дуусах хүртэлх бүх шатны хянах, хэмжих хэрэгсэл автоматжуулалтыг хариуцан, холбоо, мэдээллийн технологийг нэвтрүүлж, ажлын бүтээмж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Технологийн процессыг автоматаар тооцож удирдах тусгай зориулалтын систем болон үйлдвэрийн бүх бүтцийн нэгжийг хамарсан орчин үеийн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд ашиглагддаг хоорондоо уялдаа холбоо бүхий олон дэд системүүд, 2000 гаруй хэрэглэгчтэй мэдээллийн дотоод сүлжээ зэргийг хариуцан, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байна.

-Цаасгүй технологийн хүрээнд ямар ажлууд хийв?

     -Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийнхэн үйлдвэрийн газрын хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийн и-оффис, тоон гарын үсэг, цахим архив, эрх зүйн мэдээллийн систем, нийт ажилтны сургалтын и-лерн, и-тест программ боловсруулан хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс үйлдвэрийн хэмжээнд тоон гарын үсгээр баталгаажуулах ажлыг и-томилолт системд бүрэн хэрэгжүүлсэн. Үйлдвэрийн газрын ажилтнууд албан томилолт дээр гарын үсэг цуглуулахаар олон газраар явдаг байсныг халж, холбогдох албан тушаалтнууд өрөөнөөсөө тоон гарын үсгээр баталгаажуулалт хийснээр баримт бичиг дээр гарын үсэг цуглуулах ажил илүү хялбар, илүү хурдан болсон. Цаасгүй технологийн хүрээнд ямар баримт бичиг дээр тоон гарын үсэг ашиглах талаар ЗХНБГ-тай зөвшилцөж байгаа. Энэ ажил хууль журмын дагуу хийгдээд явна. Үйлдвэрийн Төрөлжсөн архив цаасан дээр зурсан гарын үсэгтэй материал авч хадгалдаг. Иймээс бүх төрлийн баримтын баталгааг тоон гарын үсэгт шилжүүлэх явдал хүндрэлтэй байгаа. Удахгүй засгийн газраас тоон гарын үсгийг ашиглах журам батална. Журмын хүрээнд бид тоон гарын үсэг ашиглах асуудлыг зохицуулж ажиллана. Одоогоор тоон гарын үсгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна.

-Шинээр ямар дорвитой ажил хийж байна вэ? 

      -Өнгөрсөн онд технологийн бүтээгдэхүүний урсгалд тасралтгүй шинжилгээ хийдэг “Amdel” анализатор суурилуулах байсан Австралийн мэргэжилтнүүд цар тахалтай холбоотойгоор ирэх боломжгүй болсон. Иймд бид өөрсдийн нөөц боломжоо ашиглан гаднын мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон суурилуулалтыг хийж гүйцэтгэлээ. Мөн БҮ-ийн Нунтаглан баяжуулах хэсгийн бүх тээрмийн удирдлагыг “Honeywell C-300” шинэ контроллер руу шилжүүлэх ажлыг гаднын мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдон богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим хурлын системүүдийг үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид нэвтрүүлсэн. Энэ системийг цех, нэгжүүд ашиглан цахим хурал явуулж хэвшээд байна. ХАБЭАХ-ээс явуулдаг бүх нийтийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн и-лерн программ хангамж боловсруулсан. Цахим шалгалтын  и-тест систем боловсруулж, захиалгын нэгдсэн системд шинэчлэл хийлээ. Мөн “Windows 10”, “Office 365”, антивирус болон серверийн программын албан ёсны лиценз худалдан авч хэрэглээнд нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдал дээшилсэн.

-Байгууллагын болон хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах талаар ямар ажил хийж байна вэ?

     -И-оффис системээс мэдээллийг хэвлэж авахад хаанаас хэн хэвлэснийг харж болно.  Мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулсан бөгөөд сүлжээнд холбогдсон бүх компьютерыг бүртгэлжүүлэн хяналт хийж байгаа. 2021 онд сүлжээний шинэчлэл хийнэ. Тухайлбал, сүлжээнд холбогдсон бүх компьютер бүртгэлтэй байгаа. Бүртгэлгүй ямар нэг төхөөрөмжийг манай холбоонд ашиглах боломжгүй болно. Манай цехийн боловсруулсан олон тооны программ хангамжууд хоорондоо нэгдсэн мэдээллийн сангаараа холбогдож мэдээлэл солилцдог. Өнгөрсөн оноос ХАБЭАХ-тэй хамтран ХАБЭА-н мэдээллийн нэгдсэн систем боловсруулж байна. Ажилтан ХАБЭА-н холбоотой мэдээ, мэдээллийг “Аюулыг мэдээлэх хуудас” болон 71300 дугаарын утсанд өгдөг байсан бол гар утасны “Мэдээлэгч” аппликейшнээр дамжуулан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөж байгаа, хүчингүй болсон бүх дүрэм журам, заавар, эрх зүйн баримтыг нийтэд нээлттэй болгох зорилгоор “Хууль, эрх зүйн мэдээллийн сан” системийг шинэчлэн боловсруулсан. ХАБЭАХэлтэс өөрсдийн хамааралтай дүрэм, журам зааврыг бүрэн оруулж дууссан. Хуулийн хэлтэс 2013 оноос хойших бүр эрх зүйн баримт бичгүүдийг бэлтгэж мэдээллийн санд оруулах ажлыг хийж байна. Өнгөрсөн жил эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын хүрээнд үйлдвэрийн хүдэр олборлолт, баяжуулалтын технологийн балансыг тооцоолох аргачлалыг шинэчлэх ажил хийгдсэн. Энэ аргачлалаар программыг шинэчлэн туршилт хийн тасралтгүй сайжруулж байна.

-Энэ онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

      -Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжих томоохон төслүүдтэй холбоотой технологийн процессын автоматжуулалтын бүх ажлыг чиг үүргийн дагуу зохион байгуулж, технологийн хөгжилтэй уялдуулан хяналт, удирдлагын системүүд, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараалалтай нэвтрүүлэх, хүнээс хамаарсан технологийн процесст үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажил төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрийн газрын мэдээллийн сүлжээг нэгтгэн зохион байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийснээр мэдээллийн сүлжээний хурд нэмэгдэж найдвартай, тасралтгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Үйлдвэрийн бүх ажилтнуудад мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны аппликейшн боловсруулахаар төлөвлөж байна.

-Баярлалаа.
Т.Батчулуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх