Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан:
Хүн төрөлхтний ирээдүй болсон сансар судлалын салбарыг шинэ түвшинд гаргах, сонирхон судлах үүд хаалгыг нээж, улс орноо сансар судлалын анхдагчдын эгнээнд оруулж, сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэн, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд оруулсан гарамгай гавьяа, монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хүндтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЧИНГИС ХААН” ОДОНГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Монгол Улсын иргэд ээ,
Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд аа,
Та бүхэнд Монгол хүн сансарт ниссэн түүхт 40 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанад орших мөнх тэнгэр ба замбуутив хэмээх эх дэлхий байжээ.
Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж, 60 жилийн тэртээ сансарт анх хүн нисчээ.
Дөчин жилийн өмнө, 1981 оны 3 дугаар сарын энэ өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 40 минутад Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт Холбоот Улсын иргэн Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.
НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт хүн нисгэсэн байдаг бөгөөд Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь хүн болсон түүхтэй.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах зэрэг үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ.
БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа бол Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний бахархал мөн.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр, Монголын алдар сууг дэлхий дахинаа алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бадраасан гавьяаг тань үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “ЧИНГИС ХААН” одонгоор шагнаж байна.
Танд урт нас, удаан жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.
Монголчууд аа,
Монгол Улс хөгжин мандахын үндэс нь эвийн сэтгэл нэгдэж, эх орноо хөгжүүлэх иргэн бүрийн хичээл зүтгэл болохыг санагтун, хичээгтүн.
Монгол түмний шүтээн, Дээр тэнгэрээс заяат төрсөн Их Эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монгол төрийн маань сүлд хийморь биднийг ашид мөнх ивээх болтугай!
Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай!” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНТ САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ГҮРРАГЧАА ХЭЛЭХДЭЭ:
“Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнагдсандаа би туйлын баяртай байна. БНМАУ, ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Сансрын хамтарсан нислэг бол олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн үйл ажиллагаа болсон юм. Сансрын хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд оролцсон Монгол Улсын байгууллага, хамт олон, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид олон бий.
Энэ бүх үйл явдлын хамгийн дээд цэг нь болсон сансрын хамтарсан нислэгт биеэр оролцсон намайг өндрөөр үнэлж буй нь тухайн ажилд оролцсон бүх хүнийг үнэлсэн үнэлгээ гэж би хувьдаа бодож байна.
Би монголчуудын болон төрийнхөө буян хишгийг олон хүртлээ. Буян хишгээ үргэлж хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд дахин талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд гүн талархал дахин илэрхийлье. Баярлалаа” гэлээ.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Улсын Онцгой комиссоос гаргасан холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгууллаа.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
