Сүүлийн 24 цагт шинээр 983 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

2021 оны 04-р сарын 17 өдөр, 12 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 13635 хүнээс шинжилгээ авахад 983 хүнээс халдвар илэрлээ. Коронавирусийн улмаас дөрвөн хүн нас баржээ. Тодруулбал, 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй нас барлаа. “Ковид-19”-ийн шалтгаант нийт нас баралт 41 боллоо. Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, нийт 11450 хүн эдгэрээд байна.
Биеийн байдал нь хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна. Биеийн байдал нь маш хүнд хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүний нөөцийн тал дээр бэрхшээл бий. Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй хүний нөөц хязгаарлагдмал.
ХӨСҮТ-ийн Улаан бүсэд буюу Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй эмч Н.Болор-Эрдэнэ дараах асуултад хариуллаа.
-Нөхцөл байдал ямар түвшинд байгаа вэ. Та одоо ямар өвчингүүдтэй ажиллаж байна вэ?
-Хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байна. Манай тасагт яг одоо найман хүн эмчлүүлж байна. Өчигдөр уг нь 10 байсан боловч хоёр хүн нас барлаа. Дураараа өөрсдийгөө эмчлэх гэж оролдсон хүмүүс байна. Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна. Зайлшгүй биш л бол гарах шаардлагагүй. Гарахаар бол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Сувилагч нар маань 5-7 цагийн турш өвчтөний хажууд байж байна. Ковид-19-ийн өвөрмөц эмчилгээ хийхгүй байгаа ч өндөр хөгжилтэй орнуудын хийдэг эмчилгээг л хийж байна. Бид эрчимт эмчилгээний тасагт 14 хоног тасралтгүй ажилладаг. Ажлаа дуусгаад тусгаарлалтад долоон хоног байдаг. Одоо 22 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй хүн байна. Амьсгалж чадахгүй, амьсгалын аппараттай амьсгалдаг. Хоёр уушгиндаа хатгаатай өвчинтэй ажиллаж байна. Нэг өрөөнд гурван өвчтөн байна. Нас баралтын тоо сүүлийн үед өндөр байна. Тиймээс хамгийн гол нь халдвар авахгүй, тараахгүй байх хэрэгтэй. Зовиур илэрвэл заавал эмнэлгийн байгууллагад ханд.
-Иргэд ямар байдлаар танд тус болох боломжтой вэ?
-Иргэд дур мэдэн “Ковид-19”-ийн эмчилгээг хийж болохгүй. Биеийн байдал нь хүндэрч 38 градусаас дээш халуурах зэргээр шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандаарай гэж дахин хэлье. Эмнэлгийн байгууллага харьцангуй сайн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Нас барах эрсдэл их өндөр байна. Халдвар авахгүй, тархаахгүй байх нь их чухал. Ингэж байж хайртай хүмүүсээ хамгаална.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх