Эмгэнэл

2021 оны 06-р сарын 30 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chuluunhuuu

Монголын ард түмний хайртай хүү, авьяас билэгт их хүмүүн, нэгэн насны тангараг өргөн эх орондоо зүтгэсэн дайчин офицер, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны нэрэмжит шагналт хөгжмийн зохиолч, Батлан хамгаалахын “Эх орны төлөө” тэргүүн дээд шагналт хурандаа, Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт дуучин Нанзадын Чулуунхүү 2021 оны 6 дугаар сарын 26-нд өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон урлаг соёлын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Чулуунхүү 1945 онд Завхан аймгийн Сантмаргац буюу одоогийн Цэцэн-Уул сумын нутагт төрж, ЗХУ-ын Ленинград хотын Ар тал тээврийн академид суралцаж төгсчээ.

Тэрбээр Ардын армийн 016 дугаар нэгтгэлд ар талын даргын орлогч, төлөвлөлтийн тасгийн дарга, 065, 013 дугаар ангиудад ар тал эрхэлсэн орлогч дарга, бригадын захирагчийн ар талын орлогч, Монгол цэргийн музейн захирал зэрэг төрийн харицлагатай албанд томилогдон ажиллаж, байлдагчаас хурандаа хүртэлх замыг туулсан дайчин, баялаг түүх намтартай цэргийн шилдэг дарга нарын нэгэн билээ.

Түүнчлэн өөрийн дундаршгүй авьяас билгээр хөглөгдөн, дуу хуурын ертөнцөд 1970-аад оны дунд үеэс хүч түрэн орж ирсэн бөгөөд түүний дуулсан “Ванлий”, “Өдтэй бичиг”, “Гандий мод” зэрэг дуу Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр байнга цацагдаж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин болсон байна.

Н.Чулуунхүү 1980-аад оны дунд үеэс дууны ая зохиож эхэлсэн бөгөөд “Настан буурал эмээ”, “Хүмүүс минь амьдрах сайхан, “Насны хань”, “Халагдах цэргийн вальс”, “Үгүйлж явна нэгийгээ”, “Хүлээгээрэй” зэрэг хит болсон дуунуудаа туурвин, 1992 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүнээр элсэж, улмаар 2008-2015 онд тус Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хөгжмийн ертөнцөд цараатай олон сайхан бүтээлч ажлуудыг зохион байгуулсан билээ.

“Эр хоёр загал”, “Ээжийн бор аяга”, “Соёолон хүлгийн тоос”, “Сэлэнгийн буудай”, “Уяач хүн уяан дээрээ жаргалтай”, “Заллага” зэрэг 600 орчим дуу зохиосон тэрбээр бүтээлүүдээ зургаа, долоон утга агуулгат сэдэвчлэн багцалж цомог болгон ард түмэндээ өргөн барьсан бөгөөд оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд “Настан буурал эмээ”, “Хүмүүс минь амьдрах сайхан” дуугаараа Дэд байр, “Ижий гөрөөс” дуугаараа Гран при шагналын эзэн болж, ард түмэндээ хайрлагдсан авьяас төгөлдөр хөгжмийн зохиолч болохоо ямагт батлан харуулсаар ирсэн юм.

Тэрбээр өөрийн зохиосон дуунуудаараа 2018 онд театр, чуулга, мэргэжлийн байгууллагууд, дуулаач, дуулаачийн мэргэжлээр суралцагсдад зориулан төгөлдөр хуурын дарамжтай болгон “Очирваанийн хишигтэй дуунууд” нэртэй томоохон түүвэр хэвлэн гаргасан юм.

“Халагдах цэргийн вальс”, “Салааны дайчид”, “Хэдэн бор цэргүүд”, “Хурандаа”, “Миний генерал” зэрэг цэрэг эх орны сэдэвт олон зуун бүтээл туурвиж, хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхэд өөрийн уран бүтээлээр дамжуулан онцгой гавьяа байгуулсных нь төлөө түүнд Батлан хамгаалахын дээд шагнал “Эх орны төлөө” шагнал хүртээсэн байна.

Тэрбээр Монголын их урлагийн гэгээн харгуйд МУГЖ М.Бямбажав, МУГЖ С.Ганзориг, МУСТА А.Мөнхбат, МУСТА Х.Ган-Эрдэнэ зэрэг олон сайхан уран бүтээлчдийг хөтлөн дагуулж, ганзаганд хүргэсэн, авьяасыг нь өнгөлж, түмэнд алдаршуулсан ачлал төгс багш байлаа.

Хурандаа Н.Чулуунхүүгийн ажлын амжилт, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, улмаар 1998 онд “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртээжээ.

Монголын Зэвсэгт хүчин болон урлаг соёлын салбарт 50 шахам жил ажиллан олон мянган залуусыг эх орныхоо төлөө зүтгэх ухаан, сэтгэлийн их тэнхээ, урам зоригоор хөглөж, дуулаачийн болон хөгжмийн зохиолчийн яндашгүй авьяас билгээрээ хүмүүний сэтгэлийн уяраан цэлмээсэн МУГЖ, нэрт хөгжмийн зохиолч, дуучин Нанзадын Чулуунхүүгийн гэгээн дүр төрх, бүтээл туурвил бидний зүрх сэтгэлд эгнэгт орших болно.

Эрхэм сайхан гавьяатынхаа эрэмгий дайчин зан чанар, эрч хүч, цог золбоо, эцгийн ухаанаар элбэрэн ачилж, эгнэгт урам дэм хайрладаг холын ухаан, инээмсэглэл цацраасан гуниггүй сайхан дүр төрх, эзэн Чингисийн эр хоёр загал хүлгийн их хийморь шингэсэн авьяас билэг, ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн ээжийнхээ бор аягыг хүртэл санан дуулах уяхан сэтгэл, Очирваань хайрхан мэт өмөг түшиг, олондоо бэлэглэсэн уянга дүүрэн хайрыг бид хэзээ ч мартахгүй ээ.

Та минь дуулсан дуу, туурвисан бүтээл бүхэндээ шингээн хайрласан Монгол сайхан эх орондоо дахин төрөөрэй.

Ум сайн амгалан болтугай

НИЙТИЙН ДУУЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх