Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын салбарынхантай шинэ төвшинд хамтран ажиллана

2022 оны 05-р сарын 24 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
munkhbaatar said

Монголын барилгын үндэсний ассоциаци /МБҮА/ ТББ нь барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй барилгын салбарыг тэргүүлэгч томоохон хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, реалтор, барилга угсралт, архитектур, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч чиглэлийн компаниудын үндэсний бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, гишүүддээ, нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг буюу Барилга, хот байгуулалтын Сайдын тушаал, Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн 6 ТББ-уудын түншлэлийн хамтаар гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа салбарын, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь дүрмээрээ гурван жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд өнгөрсөн 05 дугаар сарын 12-ны өдөр Бүх гишүүдийн V-р Чуулганы хуралдааныг зохион байгуулан Удирдах зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар МБҮА ТББ-ыг ирэх 3 жилд удирдах Ерөнхийлөгчөөр Н.Баярсайханыг сонгоод байна.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд шинээр сонгогдсонтой холбогдуулан БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар нь Газрын дарга нарынхаа хамт хүлээн авч санал бодлоо солилцлоо.

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР нь Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Н.Баярсайхан болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлэхийн сацуу “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар зохион байгуулж байгаа нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, барилгын салбарын инженер, техникийн ажилчдын мэдээллийн санг бүрдүүлэх, барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах, холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд нь хяналтыг тавих, төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг цахимжуулснаар ил тод, нээлттэй байдлын нэгдсэн тогтолцоог хангах зорилготой бөгөөд энэ нь ч зорилгодоо хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Ажил хийхэд мэдээж алдаа оноо гардаг ч алдаагаа олж засаад энэ системээ улам төгөлдөржүүлээд сайжруулаад явна гэдэгт итгэж байгаагаа тэрээр дурдаж байв. Цааш нь хэлэхдээ, их бүтээн байгуулалтын цаг үе ирж байгаа энэ үед зураг төслийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэ төвшинд гаргахад анхааран ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байна. Хот байгуулалтын төлөвлөлт, Чөлөөт бүс, Өмнийн говийн уурхайнуудыг дагаад дагуул хотууд, Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт гээд томоохон ажлууд ар араасаа ундарч байна. Энэ их бүтээн байгуулалтад барилгын салбарынхан та бүхэн голлох нөлөөтэй оролцох учраас анхнаас нь бүх зүйлийг нарийвчлан төлөвлөн, төрөл бүрийн боловсон хүчнийг бэлтгэх, хот төлөвлөлт, газар доогуурх шугам сүлжээ, цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх гээд маш их ажил байна. Учир нь та бүхэн энэ бүхнийг хамгийн сайн мэддэг, бүтээн байгуулдаг, асуудлыг илүү нарийн ойлгох үүднээс энэ бүхнийг ярьж, үүсээд байгаа асуудал болон цаашид хэрхэн хамтран ажиллах дээр анхаарлаа хэрхэн хандуулах вэ гэдэг дээр санал бодлоо солилцъё.

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАН нь үл хөдлөхийн салбарт 20 гаруй жил, МБҮА ТББ-ыг үүсгэн байгуулалцаад 12 жил болж байгаагаа дурдав. Монгол Улсын барилгын салбарт төрийн бодлогыг түлхүү тусгах, хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарал хандуулж буй яамтай, сайдтай байгаад юуны өмнө тун их талархалтай байгаагаа илэрхийлэв. МБҮА ТББ нь дүрмээрээ 3 жил болоод Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд шинэ Ерөнхийлөгчийн хувьд шинэхэн гурван жилийг эхлүүлж байна. Өнөөдрийн хот байгуулалтын хувьд маш их бэрхшээл, асуудлууд бидний өмнө тулгарч байна. Ийм цаг үед МБҮА ТББ нь байгууллагын манлайллыг үзүүлэн барилгын компаниудын бодлогыг нэгтгэх, соён гэгээрүүлэх, боловсон хүчнийг сургаж чадавхжуулснаар хүмүүсийг таатай амьдрах барилга байгууламжийг барихад анхаарлаа хандуулан ажиллана гэв. Өөрөөр хэлбэл, хувийн эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр, эх орончоор сэтгэж, хүн ардаа бодсон хэрэгтэй төслүүдийг эхлүүлэх, манлайлахад анхаарлаа хандуулах цаг үе ирснийг тэрээр цохон тэмдэглэж байв.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.НЭМЭХБААТАР нь энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд барилгын тусгай зөвшөөрлийг онлайн болгох, сайжруулах тал дээр маш удаан ажиллаж байж энэ улсад жишиг болох цахим системийг бий болгосон. Зөвлөх үйлчилгээний дүрэм гээд хэн ч хэрэгжүүлж болдоггүй дүрэм байсныг либералчилж өгсөнд энэ салбарын цаашдын хөгжилд маш том алхам болсон. Олон жил яригдаж байсан төсөв зохиох дүрмийг шинэчилсэн. Айро сити төслийг хэрэгжүүлэх тал дээр хувийн хэвшлүүдийн дуу хоолойг хүргэх, саналыг тусгуулах тал дээр “Ажлын хэсэг”-т орж ажиллаж байгаадаа нэн баяртай байгаа. Цаашид мэргэжлийн холбооны хувьд хамтран ажиллах хэд хэдэн асуудал байгаа нь:

  • Барилгын тусгай зөвшөөрлийн процессын үйл ажиллагааг улам сайжруулах
  • 1974 оноос хойш шинэчлэгдэхгүй байгаа Төсвийн нэгжийн норм буюу Иргэний бүрдэлтийн асуудлыг шийдэх
  • ФИДИК-ийн гэрээнд элсэх
  • Шинэ Айро сити төсөл дээр үр дүнтэй хамтран ажиллах. Тухайлбал, энэ төсөл дээр төр дангаараа тендерээ зарлаад, өөрсдөө дүгнээд явахаасаа илүүтэйгээр тендерийн зарим үйл ажиллагаанд ТББ-уудаас оруулах
  • Арматурын дотоодын үйлдвэрийг дэмжих, нэмж барих
  • Мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийг яаралтай батлуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа зэргийг дурдаж байв.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Л.АРИУНБОЛД нь дараах зүйлсийг дурдав. Үүнд:

  • 05 дугаар сарын 24-нд Ногоон барилгын зөвлөл байгуулагдах гэж байгаа нь манайх шиг хязгаарлагдмал, эрчим хүчний асуудалтай улсад ногоон барилга гэдэг нь тун чухал зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэдийгээр өмнө нь ийм хороод байсан боловч өнөөдрийг болтол тодорхой бодлогогүй явж ирсэн учраас яамны зүгээс анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.
  • Мөн үйлдвэрлэлийн барилгын зураг төслийн асуудал дээр анхаарал хандуулахгүй бол аймаг болгон дээр байшин бүр нэг уурын зуухтай болоод үлдэх нь байна. Энэ нь манай зургийн компаниуд үйлдвэрлэлийн зураг төсөл дээр ажиллаж сураагүй байгаа учраас төрөөс анхаарал хандуулж энэ чиглэл дээр боловсон хүчин бэлдэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
  • Дараагийн нэг зүйл бол эрчим хүч. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд зайлшгүй эрчим хүч хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц гээд маш их алдагдалтай төслүүдэд төрөөс татаас өгөхийн оронд шийдлээ зөв гаргах хэрэгтэй байна.
  • Хот төлөвлөлт. Хөшигтийн хөндий болон Богд уулын эргэн тойрныг анхнаас нь зөв төлөвлөж анхаарал хандуулах нь зүйтэй болов уу гэв.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТӨР нь МБҮА ТББ нь “Стратеги төлөвлөгөө”-гөө боловсруулаад салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг төлөвлөөд ажиллаж байгаа. Бид үндсэн 9 дэд хороодтой. Зарим дэд хороод нь ажлуудаа хийгээд явж байгаа боловч зарим нь нөхцөл бололцооны улмаас орхигдуулах талтай байгаа. Иймд бид Ерөнхийлөгчдийн зөвлөлийн дэргэд Бодлогын зөвлөл-ийг байгуулаад салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа өргөн хүрээнд харж, гол асуудлаа эрэмбэлээд дэс дараатай шийдье гэсэн бодолтой байна. Дан ганц яам нь салбарын асуудлуудыг дангаараа шийднэ гэдэг хэцүү. Тиймээс төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад ажлуудаа төлөвлөөд урт удаан хугацаанд хамтраад явах нь илүү үр дүн гарах байх.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ХУЛАН нь Ассоциацийн шинэ Ерөнхийлөгч нь ажлаа хүлээн авсантай холбогдуулан бид бүхнийг хүлээн авч уулзаж байгаад баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхэн гэрээний үндсэн дээр, хууль ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байгааг хэлэв. Түүнчлэн, тэрээр дараах ажлуудыг хэрэгжүүлж байгаагаа дурдав. Үүнд:

  • Агаарын бохирдлыг бууруулах зорилготой Европын Холбооны санхүүжилттэй “ДУЛААН ШИЙДЭЛ” төслийг Монгол Улс дахь Франц Улсын Жэрэс Монгол ОУ-ын ТББ болон салбарын бусад түншлэгч байгууллагуудтай 2018 оноос эхлэн хэрэгжүүлээд эхний үе шатаа дуусгаад, II -р үе шатыг УБ хот болон нэг аймгийг сонгон 2022-2026 онд хэрэгжүүлэхээр болсон байгаа. Энэ асуудлын хүрээнд яамтайгаа зөвшилцсөний үндсэн дээр аймгаа сонгох асуудлаар дахин уулзалдах хэрэгтэй байгаа.
  • Мөн ЖАЙКА-Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж, хамтран зохион байгуулах сургалтуудыг зохион байгуулж дууссан. Энэ төслийг дахин үргэлжлүүлэх тал дээр яриа хэлцэл хийгдэж байна.
  • Монгол Улс дахь Канад Улсын ЭСЯ-тай хамтран МБҮА ТББ-ын гишүүд болон монголын барилгын салбар дахь “Ногоон барилга”-ын ойлголтыг нэмэгдүүлэх, халаалт салхивч, инженерийн шугам сүлжээ, зураг төсөл, ногоон технологийг нэвтрүүлэхэд Канадын сайн туршлагыг хуваалцах боломжуудын талаар цахим арга хэмжээнүүдийг цувралаар зохион байгуулна.
  • МБҮА ТББ нь Монгол Улсад “Ногоон барилга, түүний үнэлгээний EDGE системийг нэвтрүүлэх, ногоон барилгын программ хангамж стандарт”-ын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, салбарын ААНБ-уудад үүнийг түгээн нутагшуулах эхний алхмыг тавьсан сургалтуудыг салбарын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Монголын барилгын салбарт ногоон барилгын үнэлгээний EDGE системийг нэвтрүүлэх албан ёсны “EDGE Partner” болохоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай ярилцаж, БХБЯ-ны дэмжлэгийг авсны дагуу хамтран ажиллаж эхлээд байгаа.
  • Монгол Улсад суугаа Франц Улсын Элчин сайдын яамтай газар хөдлөлийн асуудлаар ОБЕГ, ЖАЙКА-н хамтын судалгааны товч мэдээг илгээж энэ асуудал дээр санал солилцож байгаа зэрэг асуудал байв.

ДЭД САЙД Э.ЗОЛБОО нь өнгөрсөн хугацаанд Ногоон барилгын зөвлөл нь “Ажлын хэсэг” маягаар ажиллаж байсан. GIZ-ээс яам дээрээ биш, харин ТББ дээр байх нь зөв гэж зөвлөсний дагуу “НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ” ТББ-ыг байгуулаад, маргааш хурлаа хийх гэж байна. Өмнө нь ийм байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Тиймээс үйл ажиллагааг нь уялдуулах, нэгтгэх хүрээнд “Ногоон барилгын хүрээлэн” гэж нэрлээд бүх байгууллагуудын төлөөллүүдийг Удирдах зөвлөлд нь оруулаад хөл дээрээ босох хүртэл нь яамны зүгээс бодит дэмжлэгийг үзүүлэх үүднээс эхлээд өөрийн биеэр ахалж явна. Өнгөрсөн хугацаанд барилгын материал болон гүйцэтгэлийн компаниудын хүрээнд томоохон зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн. Импортоор ирж байгаа бараа материалуудын чанарыг хянах үүднээс Дорноговь аймагт Чанарын үйлдвэрийн газрыг байгуулж байна. Удахгүй бүх барилгын компаниудын дунд норм ба дүрмийн үзлэгийг хийхээр төлөвлөж байгаагаас гадна салбартаа хийх томоохон ажлууд их байна гэв.

Ийнхүү цаг гаран үргэлжилсэн уулзалт ярилцлагын төгсгөлд БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар нь МБҮА ТББ-ын удирдлагуудад гарын бэлгээ тарааж уг уулзалтаар ярьсан зүйлсийг ажил хэрэг болгон хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

МБҮА ТББ-ЫН АЖЛЫН АЛБА

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх