Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан:
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан. Тэгэхээр бид хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд тулгамдаж буй асуудлын шийдлийн талаар хэлэлцэж байна. Мэдээж газрын харилцаанд олон асуудал тулгамдаж буй. Тухайлбал, авлига болон хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг шилэн болгох нь нэн чухал. Мөн орон нутагт дэд бүтцийг нь шийдэн газар өмчлүүлэх, үүнд Засгийн газар, орон нутаг анхаарах ёстой” хэмээв.
Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явц хийгээд төрийн олон үйлчилгээг “Шилэн” болгоход анхаарч буй билээ.
Газар өмчлөх эрх нь эзэмших эрхээс илүү давуу талтай
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:
-Нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг манай байгууллага хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хангамжийн болон авто зам, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг барихад шаардлагатай газрыг чөлөөлдөг. Улаанбаатар хот төвлөрөл ихтэй тул иргэдийн өмчилсөн газрыг харилцан тохиролцож, чөлөөлдөг гэсэн үг. Эзэмших эрхтэй газрын суурь үнийг бодохдоо Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор бодож гаргадаг тул төлбөр нь харьцангуй бага байдаг. Харин өмчлөх эрхтэй газрыг зах зээл дэх ам метрийн үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн олговрын үнийн дүнг гаргадаг. Тиймээс газар өмчлөх эрх нь эзэмших эрхээс илүү давуу талтай.

2022 оноос Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийхэд шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Тодруулбал, дөрвөн гол гудамжны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнээс Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлт 100 хувьтай, бүрэн дууссан. Мөн Яармагийн замаас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх зургаан эгнээ гүүртэй авто замын газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Харин Гэмтлийн эмнэлгээс Толгойт хүртэлх буюу “Содон” хорооллын ард талаар тавьж буй 3.2 км авто замын ажилд өмчлөх эрхтэй 324 иргэний газар өртсөн. Эдгээр айлын газар чөлөөлөх ажил 90 хувьтай байгаа. Дөрөвдүгээрт, зүүн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор Улиастайгаас Шар хад хүртэлх гэр хороолол дундуурх авто замын бүтээн байгуулалт бий. Уг замын чиглэлд 114 иргэний газар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Газар чөлөөлөлтийн ажил төсвөөс бүрэн хамааралтай байдаг. Тиймээс 2023 онд эдгээр бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг бүрэн дуусгаж, одоо барьж буй сургууль, цэцэрлэгийн үлдсэн газруудыг чөлөөлөхөөр зорьж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын шинэ тойрог замын ажлыг эхлүүлсэн. Уг замын урд хэсгийн трасс буюу Баянзүрхийн товчооноос Туул голоо даган Сонсголон орчим хүртэлх 39 км авто замын 80 метр өргөнтэй трассын газрын судалгааг хийж байна. Харин хойд хэсэг нь Баруун туруунаас Улиастай хүртэлх уул дагасан замд хамаарах бөгөөд 2650 орчим нэгж талбарыг чөлөөлөх бэлтгэлээ хангаж буй. Бид иргэдийн эзэмшиж, өмчилж буй газрыг чөлөөлөхдөө хийх гэж байгаа бүтээн байгуулалтаа зөв танилцуулж, газрын үнэлгээг нарийн тайлбарлан ажилладаг хэмээлээ.

Egazar гар утасны аппликэйшнээр давхардсан тоогоор 12 сая иргэн үйлчилгээ авсан
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа:

-Өмнө нь иргэд газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авахдаа заавал газрын албыг зорьж, дараалалд зогсдог, мөн газрын гэрчилгээгээ авахын тулд 14-30 хоног хүлээдэг байсан. Харин egazar.gov.mn цахим үйлчилгээг нэвтрүүлснээр газрын гэрчилгээг цахимаар QR кодтой олгон, иргэдийн цаг завыг хэмнэж, цаасны хэрэглээг бууруулж байгаа. Газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, лавлагааг хоёр минутын дотор хэвлэж авах боломжтой болсон. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол гарснаар Нийслэлийн Засаг дарга 2021 онд захирамж гарган, газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хугацаанд egazar.gov.mn болон Egazar гар утасны аппликейшнээр дамжуулан давхардсан тоогоор 12 сая иргэн үйлчилгээ авлаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга Б.Отгонгэрэл:
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 207 мянган иргэнд газар өмчлүүлжээ. Энэ нь Улаанбаатарын хүн амын 22 хувь гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 78 хувьд нь ямар байдлаар газар олговол зохистой вэ гэдэг дээр шийдэл хайн ажиллаж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гаргасан. Энэ баримт бичгийн дагуу газар өмчлөлийн асуудлыг шат дараатай хийгээд явна. Мөн газраа эзэмшиж байгаа иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг болно. Ингэснээр өмнө нь иргэн долоон үе шатыг давж газраа өмчилдөг байсан бол одоо эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтийг хоёр шаттайгаар шийддэг болох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас аппликэйшний хөгжүүлэлт хийж байна. Тавдугаар сарын 20-ноос иргэд эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтээ гар утас болон бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой болно хэмээлээ.
Хурлын үеэр газрын харилцааны салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, газар өмчлөлд тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, МУИС-ийн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 150 гаруй хүн оролцсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
