Б.Цэцэгдулам: Өвчтөнөө авраад хань ижил, аав ээжтэй нь уулзуулах шиг сайхан зүйл байхгүй

2023 оны 06-р сарын 27 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsetseg-1-384x480

Хүн өөрөө хувь заяагаа бүтээдэг гэдэг. Түүн шиг ХӨСҮТ-ийн зүрх судасны их эмч Б.Цэцэгдулам эмчийн сайхан мэргэжлээрээ бахархаж, олон хүнийг эрүүлжүүлэх, эдгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа ачтан билээ. Энэ ч утгаар тэртээ 1994 онд эмчийн алтан чагнуур барьж эхэлсэн цагаасаа харилцаа хандлага зөвтэйгээр үйлчлүүлэгчдэдээ хүрч ажиллахыг эрхэм зорилгоо болгож ирсэн эл эмчийн тууштай зарчимч өнөө ч хэвээр.  Өдөр бүр иргэд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж байдаг ч тэрбээр огтхон ч уурлаж бухимддаггүй эгэл тайван миний л хийх ёстой хэмээн эерэг сайхан бодолдоо сүлэгдэн суудаг нь хэн хүний талархлыг нь хүлээдэг нь лавтай.  

Арга ч үгүй биз 10-н жилийн сургуульд байхаасаа л сурахын төлөө тэмүүлж ирсэн хичээнгүй зан ийнхүү чадварлаг сайн эмч болоход нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас Цэцэгдулам эмч Анагаахын сургуульд сурч байхад хүнтэй зөв харьцах төлөвшлийг суулгаж өгсөн үе үеийн эрдэмтэн багш нараараа насан туршдаа бахархаж, бахдаж явдгаа энэ үеэр бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр одоо “Монгол Улсад артерийн даралт ихсэх өвчний тархвар зүй, эрслэлт хүчин зүйл, ба эрхтний гэмтлийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалах гэж буй.

-Юуны өмнө хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж эмч болсон танд талархая. Нутгаасаа  ажлын гараагаа эхэлсэн учраас нутгийн тань шүтээн уул ус ивээж сайн эмч болгож дээ?

– Миний бие 1994 онд АУИС-ийн ангийг төгсөөд Увс аймгийн Өмнөговь сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Юугаа ч мэдэхгүй очоод нэг л мэдэхэд зургаа, долоон жилийг ардаа үдсэн байдаг. Оюутны ширээнээс дөнгөж гарсан надад мэдэхгүй, чадахгүй зүйл юу эс тохиолдох билээ. Эмч болох гэж бэдэрч тэмтчиж явсан намайг салбарынх нь эрхлэгч  О.Янжмаа гэж нэгэн сайхан туршлагатай эмч өлгийдөн авсан. Энэ ачтай хүн надад анхан шатны бичиг баримтыг хэрхэн яаж хөтөлдөг вэ, яаж хүн үзэх талаар маш их зөвлөж зааж сургасан юм. Бүр өөрийн охин шигээ хайрлаж  гэртээ хүртэл байлгасан шүү. Тийм  учраас миний өнөөдрийн ажлын арга барил, ур чадвар энэ хүнтэй салшгүй холбоотой. Мэс заслын энэ эмчийн ажлыг эхнээс нь дуустал чанартай хийхийг гол зорилго, зарчмаа болгож ажилладаг нь олон зүйл дээр харагдаж, санаа авч хэрэгжүүлэх зүйл маш их байсан.

 – Ихэнх эмч нар хөдөөгийн эмнэлгээс  амьдралын их сургуульд суралцсанаа бахдан ярих дуртай байдаг. Та ч тэдний нэг. Иймд таны анхны үзлэг юу байв?

-Сум дундын эмнэлэг учраас нарийн мэргэжлийн эмч байхгүй ихэвчлэн том хүний дотор үзнэ. Мөн дуудлаганд явах, хүүхэд болон насанд хүрэгчид, жирэмсэн хүн  үзэж төрүүлэхээс эхлээд хөдөөгийн эмнэлэгт оролцохгүй, хийхгүй ажил гэж үгүй. Энэ тухайд анх сумаасаа долоон найман км-ийн зайтай  төрөх гэж байгаа эхийн дуудлаганд мотоциклоор явж билээ. Учир нь тухайн үед дуудлагын машин Увс аймаг руу явсан байсан. Очиход хүүхдийн толгой цухалзаж байсан эхийг настай ээжийнх нь туслалцаатайгаар эсэн мэнд төрүүлж байлаа. Аз болоход хүндрэл ч өгсөнгүй. Мотоцикл дээр эх хүүхэд хоёр, ард нь би суугаад сумын төв рүү авчирч билээ. Залуу ч байж, их ч зоригтой байж гэж одоо боддог юм. Хэдий туршлага дутсан ч эмчийн үүргээ ухамсарлан гэрт нь төрүүлээд эх хүүхдийг аварч чадсандаа баяртай байдаг. Тухайн үе буюу 1990- ээд оны зах зээлийн үед олон эмч ажил мэргэжлээ орхисон. Гэсэн ч би мэргэжилдээ дуртай учраас ажлын байран дээрээ үнэнчээр үлдсэн хүний нэг нь.

– Энэ бол бахархал. Тэгвэл хэдийд Улаанбаатарт ирэв?

-Улаанбаатарт дотрын чиглэлээр дотрын резидиентэд хоёр жил сурч, дотрын курсыг 2002 онд хийсэн. 2002 -2012 онд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч,тасгийн эрхлэгчээр ажилласан. Харин ХӨСҮТ-д 2012 оноос ажиллаж байгаа гээд эрүүл мэндийн салбарт өнөөг хүртэл 29 жил ажиллаж байна даа. Сурах үйлсэд хязгаар үгүй гэдэгчлэн 14 жил анагаахын чиглэлээр сурч, ерөнхийдөө миний сурч ажилласан он жилүүд тэнцдэг юм.

– Одоо ч доктороо хамгаалах гээд бэлтгэж байгаа юм аа даа. Энэ таны ойрын зорилго уу, эсвэл?

-2015 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС-д  зүрх судасны чиглэлээр аспирантурын шалгалт өгөөд тэнцсэн юм. Гэвч хил хаагдсан, оросын эдийн засаг уналттай, гадны аспирантуудыг хамгаалуулахгүй гэсэн, бас багшийн маань бие хүндээр өвдөж байгаа гэх мэт олон шалтгаанаар хойшлоод байгаа юм. Удахгүй  дуудахыг нь хүлээгээд судалгааныхаа ажлыг тасралтгүй хийж шамдсаар л байна. Энэ л миний ойрын зорилго болж байна даа.

– Хүний амь насыг шийддэг эмч хүний ажил шулуун дардан байхгүй. Айж түгших, сэтгэл зовних, бас баярт үйл явдлууд ээлжлэн тохиолддог. Иймд таны эмч болсны аз жаргалтай мөчгэвэл?

– Энэ тухайд өвчин нь хүндрээд ирсэн хүнийг амьдруулаад хань ижил, аав ээж, хамаатан садантай нь уулзуулах шиг сайхан зүйл байхгүй. Эмч болсны аз жаргал, энэрэл хайр үүнд оршдог байх аа.

tsetseg dulam emch5

-Мэргэжлийн эмчийн хувьд зориуд асууж байна л даа. Ер нь манайд зүрх судасны өвчлөл ямар хэмжээнд байна вэ?

 -Зүрх судасны өвчлөл монголд нас баралтын шалтгаан хэвээр байгаа. Ялангуяа сүүлийн үед насжилт залуужиж, байгаль цаг уур, хоол хүнс, нийгмийн орчин, архи тамхины хэрэглээ, удамшил зэргээс шалтгаалан зүрх судасны эрсдэлийн хүчин зүйлд нөлөөлж байна. Тодруулбал,ихэнхдээ амьдралын хэв маягаас шалтгаалдаг учраас  дэлхий нийтээр хөдөлгөөний хомсдол, стресээс хамааралтай гэдэг нь тогтоогдсон. Зүрх судасны суурь өвчин бол цусны даралт ихсэх байдаг. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий.

– Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

– Цусны даралт ихсэх өвчин зүрх судасны эмгэгийг үүсгэдэг гол шалтгаан болж олон жилийн турш үргэлжилдэг. Үүнээс улбаатай бусад эд эрхтэнээ гэмтээж, зүрхний архаг өвчин, зүрхний хэм алдалт, тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг олон төрлийн хүндрэлийг дагуулж байх жишээтэй. Мөн бөөр, судасны талын хүндрэлүүд байж болно. Бөөрний судасны хатууралттай холбоотой бөөрний дутмагшлыг үүсгэдэг. Тархины судасны хатуурлын улмаас тархины судасны өөрчлөлтүүд, зөнөгрөл, тэнэглэл эрт эхэлдэг. Тийм учраас эмээ тогтмол хэрэглээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд байвал хүндрэхгүй байх боломжтой. Нас ч уртсаж өндөр насална. Иймийн тулд байнгын хөдөлгөөнтэй, эрүүл агаарт явах нь маш чухал. Бас хооллолтондоо анхаарахгүй, оройн цагаар идээд хэвтээд байхаар таргалалт зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг үүсгэж байгаа.

-Таныхаар эмч хүн ямар эрхэм чанарууд байх ёстой гэж боддог вэ?

– Тийм ээ, эмч хүн тасралтгүй суралцах, судлах, сургах гэсэн гурван эрхэм чанарыг өөртөө мөрдлөг болгох ёстой. Үүгээрээ дамжуулан бусдад үлгэр дууриал болж, баг хамт олноо сургаж, сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэсэн үг.

 -Хүний амьдралын зам харгуйг чиглүүлж, гэрэлтүүлдэг олон сайн санаат хүмүүн бий. Иймд таны алсад нисэх жигүүрийг ургуулж өгсөн ачтай багш нар тань  гэвэл?

-Энэ гоё асуултанд  олон сайхан ач буянтай хүмүүсийг дурьдаж болох байна аа. Миний хувьд тухайн үеийн сор болсон эрдэмтэн багш нар, анагаахын бүхий л алдар нэртэй, ажил мэргэжилдээ эзэн болсон тухайлбал, Ч. Цэрэннадмид, А. Өлзийхутаг, Н. Даваацэрэн, Ц.Долгормаа, Д. Сэржээ,Н. Бира, Н. Баясгалан багш нараар хичээл заалгаж байсандаа баярлаж явдаг. Тэд маань  яаж сайн эмч болохов, яаж биеэ зөв авч явахав, хэрхэн хүнтэй зөв харьцах вэ гэдэг талаар олон жишээ татаж ярьж сургадаг байлаа. Энэ бүхэн  хэзээ ч санаанаас гардаггүй хаана ч очсон ажлын орчиндоо хэрэгжүүлж, хэвшүүлэхийг зорьдог. Хамгийн гол нь харьцаа хандлагын талаар маш сайн хэлж өгч, бид түүнийг тусгаж авсан учраас бидний үеийн эмч нар ёс зүйг тал дээр сайн бэлтгэгдсэн гэж боддог. Мөн суманд очиход тосч авсан Янжмаа эмчтэй эгч дүүс шиг болсон. Анхны хүүхдийг маань эх барьж авсан энэ ачтай эмчийг хүндэлж явдаг. БЗД-т ирэхэд эмч Н.Алимаа, Д. Баянсайхан, Я.Нэргүй нарын хамт ажиллаж ихээхэн зүйл сурахад нөлөөлсөн. Энэ  явцад нэгдсэн III дугаар эмнэлгийн зүрх судасны эмч Цэвэлмаа эмч, анх зүрх судасны эмч болоход удирдсан Баясгалан багшдаа ямагт баярлаж явдаг. Үүний үр дүнд  манай төгсөлтийнхөн бүгд сайн эмч нар болцгоосон.

-Таны сэтгэл ханамж авдаг зүйл?

-Гэртээ амгалан тайван,цэвэр цэмцгэр халуун дулаан уур амьсгалтай байхыг хүсдэг. Гэр орон, цэвэр цэмцгэр байж ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Тийм учраас гэртээ тав тухтай дуртай хоол цайгаа хийгээд, ажлын бус үеэр амарсан шиг амраад стрессээ тайлъя гэж боддог. Барагтай л бол уурлаж,стресдээд байдаггүй.

-Ар гэр, нойр хоолоо умартан хүний эрүүл энхийн төлөө ажилладаг хүмүүс эмч нар. Энэ үед ажлыг нь ойлгож, дэмжиж ар тал болж явдаг ханийн үүрэг оролцоо маш их. Тиймээс таны гэр бүлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй ?

-Энэ  үнэн. Цаг наргүй ажилтай байхад ар гэрийн урам, хайр маш чухал. Нөхөр маань ХААИС-ийн инженер механикийн анги төгссөн, одоо хувиараа ажиллаж байгаа. Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү 26-тай, бага маань 15 настай. Ар гэртээ санаа зовниж байвал эмчийн ажлыг хийхэд хэцүү. Миний хувьд ар гэртээ огт санаа зовох зүйл байхгүй. Бага хүүг ээж маань хардаг байсан учраас сэтгэл тайван ажлаа хийдэг байлаа. Ажлынхаа хажуугаар зэргийн шалгалт өгөх гээд гэртээ харьж хүүхдээ ч хөхүүлэх ч завгүй, ээждээ л итгээстэй. Ингэж  зэргийн шалгалтанд бэлддэг байж билээ. Том хүүгээ наймхан сартай байхад ажилдаа дуудагдаад орсон. Энэ үед хөдөө ажиллаж байсан учраас хажуугийн хоёр айлдаа ээлжилж орхиод дуудлаганд явна, их ч өрөвдөнө. Хэдийгээр аав нь хардаг байсан ч ээж шиг нь байж чадахгүй шүү дээ. Нөхөр маань архи тамхи хэрэглэдэггүй, ар талын бүх асуудлыг зохицуулдаг учраас ажлаа амжилттай сайн хийж яваагийн үндэс ар гэр маань. Тиймээс хань ижил, үр хүүхэд,аав ээж, нутаг ус, хамаатан садан бүхий л хүмүүсээрээ бахархдаг.

– Ингэхэд таныг уул ус нь тэгширсэн сайхан нутагт төрж өссөн гэж сонссон. Нутаг нутгийн онцлог бахархал, шүтээн гэж байдаг даа?

-Бага нас маань Увс аймгийн Өндөрхангай суманд бусад хүүхдүүдийн адил өнгөрсөн. Өндөрхангай сумандаа 1-6 дугаар анги хүртлээ сурч хүмүүжсэн. Дараа нь аймгийн төв рүү шилжиж Увс аймгийн II дугаар 10-н жилийн сургуулийг төгссөн. Тэд маань одоо ч байнгын харилцаа холбоотой явдаг. Манай нутаг говь хангай хосолсон, өндөр уул нуруудтай, мод самар, жимс, ан гөрөө, ургамал цэцэг алаглаж, байгалийн баялаг бүхэн  хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг. Уул усны диваажин ч гэх нь бий. Тэр дундаа манай алдарт Ханхөхий нуруу төрийн тахилгат уул хэмээгддэг. Манай сум өвөлдөө тэсгэм хүйтэн ч гэлээ байгаль цаг агаарын хувьд таатай.  Дандаа мод түлдэг ч гэлээ хүн ард нь хүйтнийг ажирдаггүй. Өвөлдөө цас их орж, зундаа бороо их ордог учраас  сэрүүхэн талдаа. Тийм учраас нутаг ус аав ээж, ах дүү нартаа сөгдөж мөргөж амьдардаг. Харин нэг таагүй зүйл нь манай нутаг өндөр уулын бүсэд оршдог учраас хүмүүсийн цусны даралт ихэсдэг юм шиг санагддаг.

-Таны хэлэх дуртай үг тань?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгэнд дуртай. Энэ үгийн эзэн болж дунд сургуулиасаа эхлээд дээд сургуульдаа уйгагүй хичээнгүй зүтгэлтэй явж ирсэн. Үүгээрээ амьдарч байгаа болов уу гэж боддог. Хүүхдүүддээ ч энэ үгийг хэлж захиж сургадаг. Монгол хүн бүрийн хэлэх дуртай сайхан үг шүү дээ.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. үйлчлүүлэгч
     (202.131.22.***)
    2023/07/07 11:01

    ааш муутай язав татав хийсэн муу эмч байсан өөрийгөө дөвиилгөх юм аа энэ эмнэлэгт сайн эмч олон бий энэ арай биш

    (0) (0)