Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны 386 алба хаагч, 191 цэг дээр замын хөдөлгөөний зохицуулалт хийлээ. Мөн хамгийн их ачаалал авч буй М:1 “5 шар – Офицеруудын ордон”, М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд 152 албан хаагч ажиллаж байна. Тус маршрутын шинэчлэлтийг чиглэлийн давхцалыг бууруулах, автобусны ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг багасгах зорилгоор төлөвлөсөн юм.
Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон. Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн. Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно гэв.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа:
-Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Шинэчилсэн маршрутаар нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байхаар төлөвлөсөн. Өмнө нь хотын нэг захаас төвөөрөө дамжин, нөгөө захдаа хүрдэг байсныг өөрчилж, хотын гол магистрал замын нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэн, хотын захаас богино эргэлтээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Төвдөө түгжрээд, хотын захдаа автобус нь хүлээгддэг байдлыг арилгаж, чиглэлийн давхцалыг бууруулах зохицуулалт юм. Тухайлбал, Шадивлан, Санзай, Шарга морьт буюу зуслангийн бүсээс ирж буй автобусыг “Зунжин” худалдааны төвийн буудлаас буцаж эргүүлж байгаа. Бид маршрут шинэчлэлтэй холбоотой мэдээллээ ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд анхаарах болно гэлээ.
Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,
- М:4 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад”,
- Ү:5 “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,
- Ү:9 “Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”
- Ү:10 “Нисэх-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.
Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлийг хийхдээ иргэдийн дамжин суух цэг хаана огтлолцож буйг тодорхойлон, богино эргэлтийн дамжин суух чиглэлийг боловсруулжээ. Иргэд автобусанд сууж, буухдаа картаа уншуулбал цахим төлбөрийн датагаар бодит мэдээллийг цуглуулж, маршрут шинэчлэлтээ илүү сайжруулах боломжтойг албаныхан онцолж байлаа.
Мөн иргэд www.iMap.mn цахим сайт болон гар утасны аппликейшнээр нэвтэрч, автобусны чиглэлийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
