Өмгөөллийн салбарт жавхаа нэмж яваа залуу өмгөөлөгч “Алтаргана” хууль зүй товчооны хуульч, өмгөөлөгч С.Ичинхорлоо, А.Баттуяа нартай ярилцлаа.
Оюутан байх үеэсээ хуулийн мэргэжлийг эргэлт буцалтгүйгээр сонгож амжилтын үүд хаалга, өөртөө итгэх итгэлээр жигүүрлэн яваа тэд “Алтаргана” хуулийн фирмийнхээ хүрээнд хууль сурталчлан таниулах ажлыг олонтаа зохион байгуулж иргэдэд хүргэснээр иргэдийнхээ талархлыг олонтаа хүлээж байгаа билээ.
Хаанаасаа хаа хүрэхээ хэдийнэ тодорхойлж, тооцоолж, гэрэлт ирээдүйнхээ сайн сайхныг ажил мэргэжлээрээ тодотгож байгаа залуус тус багт ажиллаж байгаа нь бахдалтай гэдгийг энэ дашрамд хэлэх хэрэгтэй.
-Хоёулаа яриагаа таны өмгөөллийн замналаас эхэлье?
-2017 онд буюу оюутан байхдаа “Монгол өмгөөлөгч” хуулийн фирмд дадлага хийж өмгөөллийн салбартай анх танилцаж байлаа. Эндээсээ өмгөөлөгч болоод ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ ч давхар сонгож, хүсэл сонирхлынхоо дагуу маш гоё өмгөөлөгчидтэй танилцаад бүр ч ихээр урамшсан даа. Удалгүй дадлагаа амжилттай дуусаад, сургуулиа төгсөөд Ц.Жавхлантөгс өмгөөлөгчийн туслахаар ажиллаж маш олон зүйлийг зааж зөвлөж, ихийг сурч мэдсэндээ одоо ч баярлаж явдаг. Тэр цагаас өмгөөллийн салбартайгаа тасралтгүй холбогдож, найм дахь жилдээ буюу тодруулбал, “Алтаргана” хуулийн товчоонд ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна.
-Өмгөөлөгч хүмүүсийг нийгмийн үлгэр дууриал гэдэг. Иймд таныхаар өмгөөлөгч гэдэг хүн хувь хүнийхээ хувьд ямар байх ёстой гэж боддог вэ?
– Өмгөөлөгч гэдэг үүднээс таньдаг бүхий л хүмүүс маань ямар нэгэн байдлаар харилцаж ханддаг. Энэ хүрээнд тухайн хүмүүст хэрхэн яаж туслах вэ, зөв гарц гаргалгааг нь гаргах ямар боломж байна вэ гэдгийг хурдан шуурхай гаргаж өгөөд боломжтой нөхцөлд хамтарч ажиллаад явдаг. Энэхүү дэвшилттэй аргад сурахын тулд маш олон шүүхийн шийдвэр хэрэг маргаанд оролцож ахмад өмгөөлөгчдөөсөө асууж лавлан, зөвлөгөө авч мэдээллийг цуглуулсны үндсэн дээр тухайн байж болох хамгийн зөв гаргалгааг нь гаргаад түүндээ тууштайгаар ажиллахыг чин зорилгоо болгож явдаг даа.
-Нийгмийн зүгээс өмгөөлөгчдөд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Нэг үеэ бодвол өмгөөлөгч хэрэгтэй юм байна, зөвлөгөө авч байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай санагддаг. Гэвч энэ бүгдийг тэр болгон мэддэггүй учраас манай “Алтаргана” хуулийн товчоо энэ тал дээр анхааруулж сэрэмжлүүлэг болгох үүднээс контент хийгээд иргэддээ үнэ төлбөргүй мэдээлэл өгч, рийл бичлэгээр хүргэснээр хуульч өмгөөлөгч гэдэг бидний амьдралд хэрэгтэй юм байна гэсэн ойлголт төрж байгаа болов уу гэж үзэж байгаа. Иймд үйлчлүүлэгч болон үйлчлүүлэгч болохоор зорьж ирж байгаа хүмүүсээс залуу хүн сайн ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ буюу насаараа дутуу үнэлэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа мэт ойлголт ажиглагддаг юм.
-Залуу хүмүүс зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Түүнд хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн сорьж хөгжүүлсээр яваа бол?
-Эмэгтэй залуу хуульч өмгөөлөгчийн хувьд хүнд хэргийн маргаанаас айж эмээх асуудал байдгийг нуугаад яахав. Эрүүгийн өмгөөлөгчид ихэнхдээ цагдаа, прокурор зэрэг эрэгтэй хүмүүстэй ажилладаг. Гэвч энэ тал дээр хийх ёстой ажлуудаа хийгээд явж байгаа учраас харьцангүй боломжийн гэж үздэг. Тийм учраас хувь хүнийхээ хувьд бага гэж чамлалгүй өөрийгөө нээж сурч мэдсэн зүйлээсээ бусдад таниулъя, хуулийг суртачилъя, хуулиа мэдэхгүйгээс болж хүмүүс ямар эрсдэлд ороод байна вэ, тэр дундаа ЕБС-ийн хүүхдүүдэд анхнаас нь мэдлэг мэдээлэл олгоё гэсэн зорилгоор зөвлөн тусалж , мэдээлэл түгээхийг хичээж явна. Учир нь, өсвөр насны хүүхдүүдийн дунд маш их гэмт хэргийн холбогдогч, хохирогч болж улмаар хорих ял авч байгаад маш их сэтгэл өвдөж, эмзэглэдэг.
-Насанд хүрэгчид ч мөн эрх зүйн боловсрол дутмагаасаа болж боломжоо алдах тохиолдол их байдаг шүү дээ?
– Тийм шүү, тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас авах ёстой зүйл, нэхэмжлэх ёстой зүйлээ шийдүүлж чадахгүй асуудал маш их гардаг. Энэ мэдлэгийг бид “Page” хуудасны бичлэгэрээ дамжуулан мэдээлэл өгдөг юм.
-Хоёулаа нэлээд ажил ярилаа, ярианы сэдвээ жаахан өөрчлөөд асуухад, хамгийн их баярлаж догдолсон мөчөөсөө хуваалцахгүй юу?
– Юуны өмнө дурлаж сонирхсон мэргэжлээрээ ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутан байхдаа, сургуулиа төгсөөд ч шүүхийн шийдвэрүүдийг уншаад өсвөр насны хүүхдүүдийн холбогдоод байгаа хүчингийн гэх мэт хэргүүдийг уншаад судлаад байхаар өөрөө ч бас эмзэг болдог юм билээ. Энэ талаар ах дүү нарынхаа хүүхдүүд, ах эгч нартаа хүчингийн хэргийн хохирогч нь ойр дотных нь хүмүүс байдаг талаар сэрэмжлүүлж хэлж зөвлөж тайлбарлахыг эрмэлзэж явдаг. Гэвч миний дүү нараар хязгаарлагдахгүй бусад хүмүүсийн хувьд ч мэдэх ёстой зүйл учраас манай Б.Агар-эрдэнэ захирал гадагшаа чиглэсэн ажлууд их хийдэг тул ЕБС-иуд 10-н жилийн хүүхдүүдэд энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгч байх үед их баярлаж догдолж байсан. Учир нь нэгэн үед хүсэл мөрөөдөл болж байсан хуулийн чиглэлээр багшлах юмсан гэдэг нууцхан хүсэл төрдгийг нуух юун. Хүүхдүүдэд өөрийн зүгээс мэдээллэх, сэрэмжлүүлэх, зааж сургахыг хүсдэг зүйлээ ярьж байхдаа уйлж байсан, нулимс дуслуулав.
Өмгөөлөгч А.Баттуяа: Уурлаж уйлсан үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйн онцлогийг сайтар судалж харилцах ёстой
-Үе тэнгийн залуучуудтайгаа хамт ажиллах нь сурч хөгжихөөс эхлээд мэдэрч мэдэх зүйл их байдаг даа?
– Миний хувьд 2019 онд их сургуулиа төгсөж, 2021 онд хуульчийн эрхээ, 2023 онд мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч өмгөөлөгчийн эрхээ авсан. Хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллагад ажиллаж байх хугацаандаа би өөрийнхөө жинхэнэ хүсэл тэмүүлэл, үнэт зүйлсийг эрэлхийлж, “Би хаашаа чиглэж, ямар замаар явах ёстой вэ?” гэсэн асуултад хариу хайсаар ирсэн. Энэхүү өөрийгөө танин мэдэх үйл явцын үр дүнд өнөөдөр өмгөөлөгчийн ажил бол миний сонгох зам, үнэт зүйлстэй минь нийцсэн мэргэжил мөн гэдэгт би итгэлтэй болсон. Энэхүү мэдрэмжээрээ өмгөөллийн “Алтаргана” хууль зүйн товчоотой холбогдож өсч хөгжиж яваа өөрсдийн гэсэн карьер, үнэт чанартай, харилцааны болон мэргэжлийн ёс зүйн тал дээр маш өндөр ёс суртахуунтай эелдэг залуустай мөр зэрэгцэн нэгэн эд эс нь болж яваадаа туйлын баяртай байдаг. Ийм зөв хандлагатай, үнэ цэнтэй хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг бөгөөд энэ л орчинд би ажлаа сэтгэл хангалуун, урам зоригтойгоор хийдэг нь дэндүү сайхан.
-Өмгөөлөгчийн мэргэжлээсээ олж авч буй онцлог давуу тал гэвэл?
– Өмгөөлөгчийн ажил нь зөвхөн хууль зүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй бөгөөд хүний сэтгэл зүй, харилцаа, ёс суртахуун, нийгмийн олон талт үзэгдлийг танин мэдэх, мэдрэх чадварыг ч давхар шаарддаг. Тийм учраас бид эрүүгийн, иргэний, захиргааны болон зөрчлийн хэрэг, мөн иргэн, компаниудын эрх зүйн асуудлаар консалтингийн үйлчилгээ үзүүлэн, өөрийн чадвар, боломжоо сорьж, мэргэжлийн хүрээгээ тэлэх боломжийг эрэлхийлэн хичээнгүйлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа надад олон шинэ мэдлэг, туршлага олгож, хувь хүний болон мэргэжлийн хувьд ихээхэн өсөн дэвшихэд дэм болж байгаа юм. Үүний гол зорилго нь цаашид мэргэшиж, өөрийгөө гүн гүнзгий танин мэдэхэд туслах явдал юм. Тэр хугацаанд туулж өнгөрүүлэх зам байгаа тул одоо байгаа болон ирэх бүх ажлаа өндөр түвшинд гүйцэтгэх гэсэн тодорхой үзэл баримтлал, зорилготой ажиллаж байна. Гэвч нэг зүйлийг онцлох нь зүйтэй—үйлчлүүлэгчдийн зүгээс “өмгөөлөгч авчих юм бол бүх асуудал ямар ч саадгүй шийдэгдэнэ” гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Ийм учраас би үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулахаас өмнө тэдэнд “Таны асуудал өмгөөлөгч авлаа гээд шууд шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Би таны эрх ашгийг хуульд нийцүүлэн хамгаалж, боломжийн дээд түвшинд хүргэхийн төлөө чармайна. Гэхдээ танд ямар нэгэн үр дүнгийн баталгаа өгч чадахгүй гэдгийг анхааруулж, шаардлагатай мэдээллийг ойлгуулж, зөвшилцсөний үндсэн дээр ажил эхэлдэг” гэж тодорхой хэлдэг. Энэхүү журам надад ажилдаа илүү хариуцлагатай хандах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх давуу тал болдог. Мэдээж бидний хүлээн авдаг үйлчлүүлэгчид баярлаж хөөрсөн, инээж наадсан хүмүүс биш байдаг. Тиймээс үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн онцлогийг нарийн судалж, тэдэнтэй харилцахдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй болдог. Уйлсан, уурласан хүний сэтгэл санааг ойлгож, ямар үед нь зөөлрүүлэн, энэрч хандах ёстойг анхан шатны зөвлөгөөнөөс эхлэн онцлон анхаарч ажилладаг. Үйлчлүүлэгчдийн хувьд асуудал хэрхэн шийдэгдсэнээс үл хамааран өмгөөлөгч, хуульчийн зүгээс идэвх чармайлт, хичээл зүтгэлээ илэрхийлсэн тохиолдолд талархал илэрхийлэх хандлага давамгайлдаг. Харин ажлаа ойлгомжтой, хангалттай сайн хийхгүй бол тодорхой бус байдал үүсч, үйлчлүүлэгчийн сэтгэл дундуур байх нөхцөл бүрддэг. Иймд бид тогтмол мэдээлэл өгөх, харилцан ойлголцох тал дээр илүү анхаарч ажиллахыг зорьдог.
Д.Нэргүй