Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд

2016 оны 03-р сарын 17 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өдгөөгөөс 15 жилийн өмнө дэлхийн төр засгийн тэргүүнүүд “Мянганы хөгжлийн зорилт”-уудыг тодорхойлж, үр дүнгээ өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулганаар хэлэлцэж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжил” хөтөлбөрийг баталсан. 

Тогтвортой хөгжлийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол бидний одоогийн хэрэгцээ болоод ирээдүй хойч үеийн хэрэгцээ эдийн засгийн ижил түвшинд зэрэг хангагдаж байх нөхцлийг бүрдүүлэх зарчим юм. Хөгжил гэхээр зайлшгүй өсөлттэй зүйлийг бид төсөөлдөг. Ямар ч улс орон тодорхой түвшинд хүрсэн хөгжил, дэвшил, амжилт бүтээлээ улам арвижуулахын төлөө ажилладаг, түүний төлөө зүтгэж, бодлого, зорилтооо зөв тодорхойлоод явдаг. 

ДЭМБ-аас Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилтыг 9 дэд зорилт болгон дэвшүүлсний гурав нь мянганы хөгжлийн зорилттой холбоотой, гурав нь халдварт бус өвчлөл, осол гэмтэлтэй холбоотой, үлдсэн гурав нь тогтолцооны шинж чанартай буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг бүх нийтэд хүргэхтэй холбоотой зорилтууд юм. Зорилтын 1,2-т эхийн эндэгдлийг 100,000 амьд төрөлтөд 70-аас доош болгож бууруулах, нярай болон 5 хүртлэх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох нас баралтыг таслан зогсоох гэж заасан. Бид энэ зоритдоо гишүүн орны хувьд хүрэх ёстой.

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан  Соц-Интерний Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Тус хурал манай улсад зохион байгуулагдах нь олон талын ач холбогдолтой, ялангуяа манайх шиг ганцхан уул уурхайгаа харж, эдийн засгаас өөр зүйл бодохоо больсон засагтай өнөө үед нийгэмд, ард түмэнд эдийн засгаас өөр анхаарах маш олон зүйл, тэр дундаа ард иргэдийн эрүүл мэндийн асуудал тулгамдаж буй, нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудал болсныг мэргэжлийн хүмүүсийн зүгээс тус хурлаар хэлэлцүүлэн  хэлэлцэж, Азийн улс орнуудтай тургшлага солилцох, дэмжлэг авах зорилготой юм. Соц интерний гишүүн орнуудын эрүүл мэндийн талаар баримталдаг үзэл баримтлалын хувьд эрүүл мэндийн асуудал нь зөвхөн биологийн фактор биш эдийн засан соёл, нийгмийн нөхцлөөс хамаардаг нийгмийн хөгжлийн үндэс болсон асуудал, жендер болон нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн асуудалтай хамааралтай бөгөөд зөвхөн бодит байдлаар хэрэгжиж чадсан тохиолдолд нөхөн үржихүйн асуудал биелэлээ олно гэж үздэг юм билээ. Тухайн хүний эдийн засаг амьжиргааны чадамжаас хамаарахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүн бүрт ижилхэн байх ёстой гэсэн зарчмыг баримталсны үндсэн дээр Соц-интерний гишүүн орнууд эрүүл мэндийн үзүүлэлтээрээ хамгийн дээгүүр ордог нийгмийн чиг баримжаатай бодлогыг явуулдаг улс орнууд юм. Өнөөгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар хэдэн тоо баримт дурьдая.

Эхийн эрүүл мэнд: Манай орны хувьд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дүнд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч,  2005 онд 100,000 амьд төрөлтөнд 89,6 байсан эхийн эндэгдэл 2015 онд 26 болж,  МХЗ-ын зорилтдоо (50.0) хүрсэнээр Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжин орж, Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэг болсон. Эхийн эндэгдэл үндэсний хэмжээнд ийнхүү буурч байгаа хэдий ч хот, хөдөөгийн эхийн эндэгдлийн түвшин болон баян, ядуу хүмүүсийн хувьд ихэд ялгаатай байна.  Эхийн эндэгдлийн 60 хувийг эх барих шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа. Нийт эндсэн эхийн 23 хувь нийслэл хотод шилжин суурьших  бүртгэлгүй, бүргэгдсэн хаягандаа амьдардаггүй, 40 орчим хувийг малчин, 30 гаруй хувийг ажилгүй эмэгтэйчүүд эзлэж, тусламжийн хүртээмжид учирч буй гол саадын нэг байсаар байна. Иймд ЭМ-ийн салбар дан ганцаар зүтгээд дийлэхгүй, бусад салбаруудтай түншлэн ажиллах буюу  салбар хоорондын хамтын ажиллагаа нэн шаардлагтай. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн  46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 40% нэмэгдсэн ба хорь гаруй хувь нь сүүлийн 2-3 жилд нэмэгдсэн байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дотор ямар нэгэн архаг, суурь өвчин өндөр, нийт эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ерөнхий байдал муу байгаагаас жирэмсэн, төрөх, төрсний дараахь үеийн хүндрэл нэмэгдэж, эндэгдэлд хүргэж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 11,5 хувь цус багадалттай, эндэж буй эхийн эндэгдлийн 33 хувь нь сүрьеэ, зүрх судасны болон амьсалын замын өвчин, хорт хавдар зэрэг өвчний улмаас нас барж байна. Эрхтэн тогтолцооны хавсарсан өвчин нь эхэд жирэмсэн төрөлттэй холбоотой хүндрэл үүсэх эрсдлийг үлэмж нэмэгдүүлдэг ба сүүлийн жилүүдэд жил тутам 43 мянга гаруй эмэгтэйд жирэмсэн, төрөлттэй холбоотой хүндрэл бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлт тутмын 634 нь ямар нэгэн байдлаар хүндэрсэн гэсэн үг юм.  Үр хөндөлтийн тоо нэмэгдэж, түүн дотор хотын эмэгтэйчүүд хөдөөгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин илүүтэйгээр үр хөндүүлж байна.  Зөвхөн 2014 онд үр хөндөлтийн 18,145 тохиолдол бүртгэгдсэн байна. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 6,2% нь 20-оос доош насны, 23,7% нь 35 хүртэлх насны эмэгтэйчүүд байна. 

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй янз бүрийн эм, тэр дундаа үр зулбуулах эм хууль бусаар орж ирэн охид, эмэгтэчүүд өргөнөөр хэрэглэх болсон нь эрүүл хүүхэд төрөхөд хортойгоор нөлөөлж, агаарын бохирдол, эдийн засгийн таагүй байдал үүдэлтэй эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэндийн еөрнөхий доройтол зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас улмаар амьгүй төрөлт 1000 төрөлтөд 558 болтлоо өсөж, зулбалт 745 аар нэмэгдэж, 2014-онд 4148 зулбалт болсон тоо баримт байна. 

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийн тухайд ч тулгамдсан асуудлууд цөөнгүй байна.  Тухайлбал, дийлэнхи эмэгтэйчүүдийн (90 орчим хувь) умайн хүзүүний хорт хавдрын талаархи мэдлэг хангалтгүй, эрт илрүүлэлтийн хувь хэт доогуур байна.  Энэ нь анхан шатны тусламж, үйлчилгээ хангалтгүй байгхагийн тод илрэл юм. 

Нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлдөг нэг асуудал бол гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл юм. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 хувь нь гэр бүлийн аль нэг хүчирхийлэлд байдаг гэж хариулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас цөөнгүй эмэгтэйчүүд  хүүхдүүд  эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ноцтой  хохирч байгаа, гэрлэсэн эмэгтэйчүүд бие махбодын хүчирхийлэлд илүүтэй өртөж байгааг  судалгааны дүн харуулж байна. Судалгаагаар өсвөр насны охидын дунд насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад бэлгийн хүчир¬хийл¬лээс үүдэлтэй төрөлт илүү тохиолддог байна. 

Нийт халдварт өвчний 35 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлдэг аж. Сүүлийн жилд нийт хүн амын дунд тэмбүүгийн, заг хүйтэн өвчний тархалт нэмэгдэж, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдвар өндөр, төрөлхийн тэмбүү  өвчтэй хүүхдийн тоо нэмэгдсэн мэдээлэл гарч байна.

Засгийн газар 2009 оноос нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэлд төсөв хуваарилж эхэлсэн нь чухал алхам болсон ч сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээ зогсонги байдалд орсон байна.  

Хүүхдийн эрүүл мэнд: Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97,2 байсан бол 2014 онд 18,4 болж 5,3 дахин буурсан байна. Гэсэн хэдий ч тогтвортой буурч байсан хүүхдийн эндэгдэл сүүлийн жилүүдэд бага багаар нэмэгдэх хандлагатай байгаа нь үйл ажиллагааг оновчтой төлөвлөх шаардлагатай байгааг харуулж байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнхийг нялхсын эндэгдэл эзэлсэн хэвээр байна. Хүүхдийн эндэгдэлд эцэг, эхийн боловсрол, өрхийн орлого, дэд бүтцийн хөгжил, газар зүйн байрлалын ялгавартай байдал мэдэгдэхүйц нөлөөлж байна. Тухайлбал, судалгаагаар боловсролгүй буюу  бага ангийн боловсролтой эхийн хүүхэд 1 ба 5 хүртэлх насандаа эндэх эрсдэл дээд боловсролтой эхийн хүүхэдтэй харьцуулахад 3-4 дахин их байна. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого 28 264 төгрөгөөс бага өрхөд хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр буюу 1000 амьд төрөлтөд нярайн эндэгдэл 13,7, нялхасын эдэгдэл 29,1, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 34,2 байна. 

Нярайн эндэгдлийн 12.4 хувь нь төрөлхийн эмгэг согог эзэлж байна. 2014 онд төрөлхийн хөгжлийн гажиг 1000 амьд төрөлтөд 7,9 промиль бүртгэгдсэн. Зам тээврийн осол бүх насны хүүхдүүдэд өндөр байна. 15-19 насны хүүхдүүдэд 9,3 хувьтай байна. Галд өртөх, усанд унах бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолдож байна. 

Өсвөр үеийн эрүүл мэнд: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын өвчний хяналтын төвтэй хамтран хийсэн Дэлхий дахины сургуульд суурилсан судалгаагаар өсвөр насныханд халдварт бус өвчний эрсдэл их байгааг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан 13-15 насны сурагчдын 29,1% нь согтууруулах төрлийн ундааг хэрэглэж үзсэн бөгөөд сурагчдын анги, бүлэг дээшлэхэд сүүлийн нэг сард согтууруулах ундаа хэрэглэсэн хувь нэмэгдэж байлаа. Манай улсын өсвөр үеийнхэн, залуучуудын бие баялдрын хөгжил сайнгүй байна, бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр 15-24 насныхан бараг 100 хувь (97,9%) С буюу түүнээс доош үнэлгээ авсан байна.  Мөн өсвөр үеийнхний нэг томоохон тулгамдсан асуудал бол төрөлт, үр хөндөлт, сэтгэцийн эрүүл мэнд асуудлууд байсаар байна.

Ж.ЦОЛМОН, АУ-ны Доктор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх