18 дахь гарааны ялагч Маттео Трентин

2016 оны 05-р сарын 27 өдөр, 18 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Мэргэжлийн дугуйн Гранд Тур ангилалд багтах Жиро д’Италиа уралдаан өндөрлөх шатандаа орлоо. Өчигдөр тэмцээний 18 дахь гараа Италийн хойд нутгийн Мужогоос Пинероло хүртэлх 244 км-н уулын замд боллоо. Альпийн нурууны бүсэд болсон тус гараанд “Etixx-Quick-Step” багийн Итали дугуйчин Маттео Трентин 5 цаг 25 мин 34 сек-н амжилтаар түрүүллээ. Барианы шугам ойртоход М.Мосер болон Ж.Брамбилла нартай финиш хийж, эцсийн мөчид ялалтыг авчээ. Ингэснээр Итали дугуйчин М.Трентин өөрийн карьертаа анх удаагаа Жиро д’Италиа уралдааны гарааны ялагч болж байна. Өмнө нь тэрээр Тур де Франс уралдаанд 2013, 2014 онуудад тус бүр нэг гараанд ялагч болж байжээ.

Харин 18 дахь гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр тэргүүлэгч С.Крёйвейк “ягаан цамц”-аа хадгалж үлдлээ. Түүний хувьд энэ гараанд тэргүүлэгчээс 13 мин 24 сек-н алдагдалтайгаар 25-р байранд орсон байна. Нидерланд дугуйчин С.Крёйвейк энэ удаагийн Жиро д’Италиа уралдаанд ганц ч гараанд түрүүлээгүй. Гэхдээ тэрээр жигд амжилттай уралдснаар 14 дэх гараанаас хойш тэргүүлэгчийн “ягаан цамц”-ыг эзэмшиж байна. Одоо тэмцээн өндөрлөхөд 3 гараа үлдсэн бөгөөд “ягаан цамц”-ны төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүн болж байна. С.Крёйвейкийн араас 3 мин-н алдагдалтайгаар “Orica-GreenEdge” багийн Колумби дугуйчин Э.Чавес, 3 мин 23 сек-н алдагдалтай “Movistar” багийн Испани дугуйчин А.Валверде нар нэхэж байна. Мөн Жиро д’Италиа уралдааны 2013 оны аварга “Astana Pro” багийн В.Нибали, “Katusha” багийн И.Закарин нарт ч боломж бий.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх