АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсэг хуралдлаа

2016 оны 07-р сарын 06 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн  өргөтгөсөн хуралдаан 7 дугаар сарын 5-нд ГХЯ-нд болж дэд ажлын хэсгүүдийн ажлын тайлан, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанд “Хэвлэлийн төв”-ийн дотоод сүлжээ,  дуу дүрсний кабель шугам, тоног төхөөрөмж суурилуулах болон интернетийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, гадаад дотоод сурталчилгаа, бүртгэл мэдээллийн ажилтнууд оролцож  ажлын явц, нэн шаардлагатай шийдвэрлүүлэх асуудлуудаа танилцууллаа.

Одоогоор АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар гадаад, дотоодын 792 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлээд байгаагийн 123 нь дотоодын сэтгүүлч байна. Дотоодын сэтгүүлчдийн бүртгэл дууссан, харин гадаадын сэтгүүлчдийн хувьд АСЕМ-ын гишүүн орны сэтгүүлчид 7 дугаар сарын 8 хүртэл бүртгүүлж болох аж.

Дээд түвшний уулзалтын үеэр “Шангри-Ла” цогцолборт нэг ээлжиндээ 450 сэтгүүлч ажиллах боломж бүхий “Хэвлэлийн төв” ажиллуулахаар засвар тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. “Хэвлэлийн төв”-өөс гадаад дотоодын телевизүүд шууд дамжуулалт хийхээс гадна  сэтгүүлчид редакцитайгаа  холбогдож мэдээ сурвалжлагаа дамжуулах техник тоног төхөөрөмж болон бусад нөхцлөөр хангахаар ажиллаж байгаа юм. Гадаадын сэтгүүлчдэд шуурхай ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор олон улсын ярианы эрх бүхий 130 орчим телефон утас суурилуулах бөгөөд ярианы эрх, тарифын хөнгөлөлтийн талаар Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэхээр тогтлоо.

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдийн үүрэгт ажлуудын явц 80-100 хувьтай байгаа ба туслан гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан хугацаандаа хариуцаж авсан ажлуудаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх