ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн санаачилгаар “Дэлхийн цэргийн наадам” тав дахь жилдээ дэлхийн 10 оронд нэгэн зэрэг эхэллээ. Тус наадмын нэгэн шинэ төрөл болох “Аравт” морин цэргийн уралдааны нээлт Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд энэ сарын 3-нд анх удаагаа боллоо.
“Аравт” морин цэргийн уралдааны нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, БНКазУ-ын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны элчин сайд, генерал, офицерууд оролцов.
Уралдаанд Монгол, Орос, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөх бөгөөд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байна.
Уралдааныг нээж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хэлэхдээ, “Цэргийнхэн дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдаанд авхаалж самбаа, тэсвэр хатуужил, цэргийн мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч үзэл санаан доор “Дэлхийн цэргийн наадам” олон орныг эгнээндээ нэгтгэсэн. Манай улс наадмын зохион байгуулагчаар оролцож, зэвсэгт хүчнийхээ гадаад харилцааг улам бэхжүүлсээр байна.
Орон орны цэрэг эрсийн хувьд, энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон цэргийн наадам энэ жил хүрээгээ тэлж, 10 улсад 32 төрлийн уралдаан нэгэн зэрэг эхэлж байна. Улс орнуудын цэргийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, найрамдлын гүүр болж буй цэргийн наадмыг Монгол Улсын Зэвсэгт хүчин анхнаас нь дэмжиж, тасралтгүй оролцож ирсэн.
“Аравт” морин цэргийн анхдугаар уралдаанд оролцохоор Их эзэн Чингис хааны өлгий нутагт хүрэлцэн ирсэн цэргийн багуудад талархал илэрхийлж, уралдаанд нь амжилт хүсье” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгын цэргийн багуудад амжилт хүсэж ирүүлсэн илгээлтийг тус уралдааны ерөнхий шүүгч, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ уншиж танилцууллаа.
Илгээлтэд, “ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас зохион байгуулдаг Цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад анх удаа “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг зохион байгуулж буйд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд ихэд баяртай байна.
Аравтын тогтолцоо нь Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс уламжлан Чингис хаан Их Монгол Улсыг байгуулах үеэсээ улам боловсронгуй болгож, улсаа засаглахад ашигласан, цэрэг иргэний шинжийг ашигласан, засаг захиргааны систем юм. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд алдаршсан нарийн чанд зохион байгуулалттай бүтэц байсан. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал чухамдаа морин цэргийн түүх байсан юм.
Аравт морин цэргийн уралдааны бэлтгэлийн шатанд цэргийн албан хаагчдын нөхөрлөлийг бататгах, Монгол үндэстний зан заншил, түүх уламжлалыг сурталчлах хүрээнд зочид, төлөөлөгчдөд үзүүлсэн бэсрэг наадмыг та бүхэн тодхон санаж байгаа байх аа. Эрийн гурван наадам хэмээх хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваагаар монгол эрчүүд бяр чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, үнэлэмж шалгуураа тодорхойлж ирсэн нь баяр цэнгэл гэхээс илүүтэй Монголчуудын цэрэг дайны бэлтгэл, сорилго байсан юм.
Морин цэргийн энэхүү уралдаан нь цэрэг эрсээс бэлтгэл сургууль, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан онцгой сорилго болж, үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвараа зохион байгуулах, мэдлэг дадлага, туршлага тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд өгөөж өгч, олон талын ач холбогдолтой болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ.
Аравт морин цэргийн уралдааны эхний гараагаар сугалаа ёсоор, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ гэсэн дарааллаар уралдаанаа явуулах бөгөөд нэг баг хоёр өдөр нэг шөнийн хугацаанд даалгавар гүйцэтгэх юм байна.
Ингэхдээ, 130 км-т морьтой усан болон минийн саад туулж, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгаврыг гүйцэтгэх аж.
Тэмцээний хоёр дахь шатанд 7.2 км-ийн богино зайд уралдах бөгөөд ингэхдээ, явган гараанаас гарч, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага хийх зэрэг сорил гүйцэтгээд, мориноос гранат шидэх, тактикийн ажиллагаа зэрэг дасгалыг давах юм. Мөн биатлоны зарчмаар буюу торгуулийн тойрогтой ба хамгийн богино хугацаа зарцуулж барианд ирснээр нь байрт шалгаруулах юм.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурав хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууссан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхлэх юм байна.
Ойрын зайн холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой аж.
Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид, маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.
Дашрамд дурдахад, “Дэлхийн цэргийн наадам-2019”-ын хүрээнд 32 төрлийн уралдаан зохион байгуулахаас ОХУ-ын газар нутагт 16 нь болно. Хамтран зохион байгуулагч Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг улсын газар нутагт бусад уралдаан болж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулах “Цэлмэг тэнгэр” уралдаанд баг бэлтгэн оролцохоор тус тусын тэмцээний газар орныг зорьжээ.
Ж.Бат

Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хү
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь н
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
