Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан:
Хүн төрөлхтний ирээдүй болсон сансар судлалын салбарыг шинэ түвшинд гаргах, сонирхон судлах үүд хаалгыг нээж, улс орноо сансар судлалын анхдагчдын эгнээнд оруулж, сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэн, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд оруулсан гарамгай гавьяа, монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хүндтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЧИНГИС ХААН” ОДОНГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Монгол Улсын иргэд ээ,
Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд аа,
Та бүхэнд Монгол хүн сансарт ниссэн түүхт 40 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанад орших мөнх тэнгэр ба замбуутив хэмээх эх дэлхий байжээ.
Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж, 60 жилийн тэртээ сансарт анх хүн нисчээ.
Дөчин жилийн өмнө, 1981 оны 3 дугаар сарын энэ өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 40 минутад Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт Холбоот Улсын иргэн Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.
НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт хүн нисгэсэн байдаг бөгөөд Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь хүн болсон түүхтэй.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах зэрэг үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ.
БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа бол Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний бахархал мөн.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр, Монголын алдар сууг дэлхий дахинаа алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бадраасан гавьяаг тань үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “ЧИНГИС ХААН” одонгоор шагнаж байна.
Танд урт нас, удаан жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.
Монголчууд аа,
Монгол Улс хөгжин мандахын үндэс нь эвийн сэтгэл нэгдэж, эх орноо хөгжүүлэх иргэн бүрийн хичээл зүтгэл болохыг санагтун, хичээгтүн.
Монгол түмний шүтээн, Дээр тэнгэрээс заяат төрсөн Их Эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монгол төрийн маань сүлд хийморь биднийг ашид мөнх ивээх болтугай!
Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай!” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНТ САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ГҮРРАГЧАА ХЭЛЭХДЭЭ:
“Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнагдсандаа би туйлын баяртай байна. БНМАУ, ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Сансрын хамтарсан нислэг бол олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн үйл ажиллагаа болсон юм. Сансрын хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд оролцсон Монгол Улсын байгууллага, хамт олон, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид олон бий.
Энэ бүх үйл явдлын хамгийн дээд цэг нь болсон сансрын хамтарсан нислэгт биеэр оролцсон намайг өндрөөр үнэлж буй нь тухайн ажилд оролцсон бүх хүнийг үнэлсэн үнэлгээ гэж би хувьдаа бодож байна.
Би монголчуудын болон төрийнхөө буян хишгийг олон хүртлээ. Буян хишгээ үргэлж хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд дахин талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд гүн талархал дахин илэрхийлье. Баярлалаа” гэлээ.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Улсын Онцгой комиссоос гаргасан холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгууллаа.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
