Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Мигель Диас-Канел Бермудез,
Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,
Эрхэм хурлын дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж буй Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг хэлэлцэж буй энэхүү дээд түвшний уулзалтыг нарлаг Хавана хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Эрхэм хүндэт хурлын дарга аа,
Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.
Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж байгаа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна.
Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.
Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байхаар төлөвлөн ажиллаж байна.
Монгол улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг батлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулан Цахим үндэстэн болохоор зорин ажиллаж байна.
Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна.
Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр шинжлэх ухаан, технологийн салбарт бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.
Эрхэм хурлын дарга аа,
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, инновац, түүний дотор мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нь дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ боломжуудыг нээхэд чухал үүрэгтэй юм.
Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй улсуудын алслагдмал байршлын сул талыг бууруулж, уялдаа холбоог сайжруулах, ялангуяа худалдаа, тээвэр, транзит, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдол бүхий олон асуудлаар бодлогын судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэхүү судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гуравласан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,
Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт зориулагдах учиртай.
“Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага” хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж болон уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал юм.
Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээнд хэлэлцэж буй “Даян дэлхийн цахим гэрээ” нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчныг бий болгоход чухал түлхэц болно гэж бид үзэж байна.
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэхүү уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх, ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө -1 градус хүйтэн
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Өнөөдөр улаан луу өдөр
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
ЭХЭМҮТ-д долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 зөрчил бүртгэгджээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит ша
Улсын хэмжээнд 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна
