Өмгөөллийн “Алтаргана” хуулийн товчоо ХХК-ийн захирал, хуульч өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ оюутан ахуй цагаасаа сурч мэдэх үйлсээр жигүүрлэн түүнийхээ төлөө цуцашгүй шамдаж ирсэн хичээнгүй, чадварлаг хуульч өмгөөлөгч билээ.
Тиймдээ ч хэмжээлшгүй үнэ цэнээр олдсон мэргэжлийнхээ талаархи гайхалтай үзэл бодол, амжилтын гүнзгий мэдрэмж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж буй хуулийн товчоогоо нэр хүндтэй, сайн сайхнаар авч явна. Улмаар өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлөж хүрээллээ тогтоох, сурч хөгжих нь түүний бас нэгэн сорилт шалгуур аж.
Мөн хэсэг хугацаанд боксын спортоор хичээллэж ялан дийлэхийн ухааныг өөртөө суулгаж өгсөн ялалт ялалтын амт, торгон агшныг энд дурдальтай. Ийм л өөртөө итгэлтэй, бие даасан хэрсүү, аливааг өөрийн гараар бий болгох чин эрмэлзэл дүүрэн яваа түүнийг “Залуус” буландаа урьж ярилцсанаа уншигч танаа хүргэе.
Араасаа олон залуу өмгөөлөгчийг замчлан дагуулж, мэргэжлийнхээ үнэ цэнэ, босгыг өндөрт өргөж явахыг ерөөе.
-Ажил хэрэгч хүний хувьд таны нэг өглөө хэрхэн эхэлдэг бол?
-Шүүх хуралтай өдрүүдэд хэргийн материалтайгаа танилцаж, хуралдаа бэлдэнэ. Энэ ажил маань хууль зүйн дүн шинжилгээ хийхээс эхэлдэг. Шүүх хуралгүй өдөр хуулийн товчооныхоо хамт олны өдрийн ажлыг долоо хоногийнх нь ажлын төлөвлөгөөтэй уялдуулах замаар чиглүүлэг өгөх ажлыг гүйцэтгэнэ.
– Тийм ээ, Хүний хувь заяаг шийдвэрлэхэд оролцдог хуульч өмгөөлөгч хүний хүлээлт шүүхийн шийдвэр байдаг. Таньд итгэж бүхий л нууцаа ярьж хэсэг хугацаанд хамтдаа байсан үйлчлүүлэгчийнхээ асуудлыг эерэгээр шийдүүлж баярлуулах шиг сайхан зүйл үгүй?
-Нэг шүүх хурлын бэлтгэл ажил нэг өдрийн биш, долоон хоногийн өмнө хангагдах ёстой. Иймд тухайн өдөр өөрөө өөртэйгээ ярилцах, тухайн шүүхийн шийдвэр нь миний үйлчлүүлэгчид нийгмийн өнцгөөс эерэг болон ямар сөрөг талыг авчрах вэ гэдгийг их бодолцдог. Хэрэв шийдвэр миний төсөөлж хүсч байснаас өөрөөр гарвал сэтгэл зүйд хөнгөн гутрал үүсэхээс сэргийлж тэрхүү хүлээлтийг хамгийн бага түвшинд аваачихыг хичээдэг. Үүний тулд Шүүх хуралдааны танхимтай дасан зохицох зорилгоор өөртөө дүн шинжилгээ хийдэг. Энэ бүгд бүрдсэний дараа мэтгэлцээнд бэлэн болж өөрийнхөө мэдлэг ур чадварыг сорино гэсэн үг.
– Хүн бүхэнд эрхэмлэн дээдэлж явдаг зүйл байдаг. Таны хувьд?
-Юуны түрүүнд мэргэжлийнхээ ёс зүйн дүрмийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгохыг эрмэлздэг. Ингэснээр мэргэжлийнхээ үнэ цэнийг хадгална гэж хардаг. Учир нь, өнөөгийн хурдтай хөгжингүй зах зээлийн нийгэмд аливаа хүн эдийн засгийн ашиг сонирхлын улмаас буруу шийдвэр гаргах эрсдэлтэй.
– Таныг уйгагүй суралцаж хуулийн мэргэжлээ үнэ цэнэтэй олж авсан гэдгээр тань бахархдаг хүн олон. Эндээс харахад дуртай ажлаа хийнэ гэдэг амжилт аз жаргалын түлхүүр шүү дээ?
-Яагаад ч юм, 10-н жилийн сурагч байхдаа хуульч өмгөөлөгч болно гэж бодож байгаагүй, тамирчин болно гэж мөрөөдөж боксын спортоор багагүй хугацаанд хичээллэсэн. Нөгөө талаар аав ээж хоёрын маань надад өгсөн хүмүүжил амьдралын их сургууль болсон гэж боддог. Хайртай тэд маань социализмын үеийн хүмүүсийн жишгээр амьдраад одоо ч үнэт сургаалаа хайрласаар миний бие ч өдрөөс өдөрт ухаажсаар явна. Тодруулбал, худлаа хэлж, хулгай хийж болохгүй, өөрийнхөөрөө, шударга байгаарай, юунд ч халширч, шантрахгүй, цуцашгүй хөдөлмөрлөх зан суртахуун, ухамсар, ёс зүй суулгаж өгсөн нь энэ амьдралын хамгийн том шагнал.
-Ярианы сэдвээ өөрчлөн асуухад хамгийн хэлэх дуртай үг тань юу байдаг бол?
– Нэрлээд байвал олон зүйл байна. Түүнээс онцолбол, “авахаасаа өгөх нь ерөөлтэй гэдэг. Яагаад гэвэл, их, дээд сургуульд сурахдаа багш нараасаа эрдэм мэдлэгийг үнэ төлбөргүй авсан. Дадлага туршлагыг Б.Соёл”эрдэнэ өмгөөлөгч багшаасаа мөн авсан байдаг. Дээр нь Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны ах эгч нарын маань туршлага мэдлэг маш их хүч нэмдэг. Тийм учраас энэ бүхнээрээ бусдад тусалж явбал амьдрал намайг ивээж ажил үйлсийг маань тэгшилж, амжилт авчрах учиртай. Иймд дээрх үгийг ажлынхаа болон өөрийнхөө онч үг буюу “афоризм” болгож явна даа.
– Өнөөдрийн Агар-Эрдэнийг өөрийнхөөрөө тодорхойл гэвэл ямар санагдаж байх юм?
-“Оролдлого ихт оройд нь” суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр” гэдэг үгийн амьдралдаа хэрэгжүүлж тасралтгүй оролдож, бусдад төвөг учруулахгүй явахыг хүсдэг. Ажил мэргэжлээ өөрийн болгох гэж зүтгэж явна. Энэ хүрээнд амьдралын баталгаагаа нэгдүгээр алхмаа болгоод, дараа нь амьдралд өөрийгөө бэлдэх ёстой. 2021 онд хуульчийн тангаргаа өргөснөөс хойш зөвхөн “ажил гэр” гэсэн замаар явж ирлээ, цаашдаа энэ хэмнэлээрээ амьдарна. Анх ажлын хамт олонтойгоо ажлын хамтрагчид байсан бол одоо бие биедээ итгэлтэй андууд болцгоосон. Бидний дунд өнөөгийн нийгмийн өнгө төрх, бид ямар хүмүүсийн үргэлжлэл болж явна вэ зэрэг олон сэдвээр өрнөдөг. Цаашилбал, бидний үеийн гадны залуучууд юу сонирхож, юу ярьдаг бол гэсэн төсөөллийг бий болгохыг, цаашдаа үр хүүхдэдээ үлдээх үнэт зүйлийн талаар санал солилцох дуртай.
– Хүний амьдрал маш баялаг, зөв явахад олон зүйлийг өгдөг нь сайхан. Иймд энэ амьдралаас авсан үнэт баялаг тань юу вэ?
-Энэ талаар яриад байвал их зүйл байна.Нэгдүгээрт: монгол хүн болж төрсөндөө баярладаг. Монгол үүх түүх соёл уламжлал, зан заншил, газар нутаг, байгалийн баялаг, ахуй соёл гээд үнэхээр бишрэм, бахархам. Хоёрдугаарт: өмнөө тавьсан зорилгодоо хүрэх, мэргэжилдээ эзэн болох гээд явж байгаа минь бахархал, омогшил. Нөгөө талаас 18 настайгаасаа эхлээд өөрийн гэсэн үнэт зарчимтай болсон. Шинжлэх ухаан, ололт амжилтыг хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг. Христ буюу эзэн бурханд итгэдэг.
-Хүлээн зөвшөөрдөггүй дургүй зүйл?
– Хүнийг сайн явахад нь долигонож, долоочих гээд, жаахан уруудаад ирэхэд нь түлхдэг зан бидний дунд их бий. Дарга гэхээр далдагандаг хоёр нүүртэй,хоосон магтаалаар өөрийнхөө ашиг сонирхолд хүрэхийн тулд зүй бус зүйл хийдэг хүмүүст үнэхээр дургүй.
-Залуу нас өөрөө гоё. Иймд таныхаар өнөөгийн залуус мэдлэг боловсрол, үзэл бодлоороо ямар байвал энэ нийгмийн манлайлал болж чадна гэж боддог вэ?
– Залуу хүн нэгдүгээрт хайрлаж хамгаалдаг зүйлтэй байх ёстой. Тодруулбал, эр хүн ямар нэг зүйлийг чин зүрхнээсээ хайрлаж, түүнийхээ төлөө амьдрах нь чухал. Гуравдугаарт мэдлэг боловсрол, зөв зүйлийн төлөө амьдардаг, зөв үг бодлоор зөв хүмүүстэй нөхөрлөхийг хичээдэг. Би хэн бэ гэдгээ ямагт санаж, хэн байх ёстой гэдгээ мэддэг байх ёстой. Миний хувьд энэ биеийг төрүүлж өгсөн аав ээж, үүнээс урган гарсан ах эгч дүүсийнхээ төлөө амьдрахыг хичээж яваа. Түүнээс хэн нэгэнд мөнгө төгрөг, эд зүйлс өгөхдөө биш, боломжинд нь төвөг болохгүй л амьдрах хэрэгтэй.
-Хүмүүст ажлаас гадуур хобби сонирхол гэж байдаг даа. Энэ тухайд?
-Боксын спортоо орхиод гурван жил болж байна. Хамгийн сүүлд УАШТ-нд нэг жил хоёр өөр төрлөөр оролцож мөнгөн медөль хүртэж байлаа. Тулааны спорт өмнөө ямар нэг өрсөлдөгчийг бүтээдэг. Өрсөлдөгчөө техник, хүч чадлаараа даван туулахын тулд хүчтэй бөгөөд сэтгэл зүйгээ бэлтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, ялалт ялагдал хоёрт бэлэн байх ёстой. Би заавал ялна гэх кодыг өөртөө урьдчилан суулгаж болохгүй. Ийм нөхцөлд сэтгэл гутралд орно гэсэн үг. Тийм учраас боксын спорт надад ур дах замаа хараад чигээрээ алхах сорилт, тэсвэр, хатуужлыг өгсөн. Энэчлэн манай Хуулийн товчоо мэргэжлийн хүрээний үндсэн ажлаасаа гадна нийгэмд суурилсан буянтай үйлсэд оролцоход цаг зав,анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, манай өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, эрх зүйн боловсрлыг нийтэд түгээж ажилладгаараа онцлогтой. Энэ бүгдэд хэзээ ч жанжин шугамаа алдахгүй, нийгмийнхээ сайн сайхны төлөөх сэтгэлийг оршоох хэрэгтэй байх аа.
– Ийм л туйлын зорилготой, түүчээлэн ажиллах идэвх урмын дор хамгийн тулгамдаад байгаа асуудал тухайлбал, шинээр гарч байгаа хууль заалтууд гээд л… юу байдаг бол?
– Хуулийн товчоо ажиллуулдаг хүний хувьд хэлэхэд төрийн татвар татаас хэрээс хэтэрч байна. Бидний зүгээс бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийхийг хичээж байгаа шүү дээ. Бахархууштай нь, Монголын Өмгөөлөгчдийн холбоо залуучууд биднийг сургаж хөгжүүлэх тал дээр маш их тусалж дэмжиж байгаад нь туйлын баяртай байдаг.
– 2025 онд танай хуулийн товчооны хувьд ямар зорилго тавин ажиллаж байгаа вэ?
-Манай хуулийн товчоо таван өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй, таван туслахтайгаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг эн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байгаа. Энэ дагуу 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2025 оны зорилгоо бүхэлд нь тодорхойлсон. Тухайлбал, Шүүхийн мэтгэлцээнийг АТГ, Боловсролын Ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн дээд сургуультай хамтран маш өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Үнэ төлбөргүй олон нийтэд чиглэсэн олон цагийн контент явууллаа. Төрийн байгууллагатай хамтарч хууль сурталчлах төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтралыг сонгодог утгаар нь гаргаж ирэхийг хичээж ажилласан гээд маш олон ажлын ард гарч, үр дүнд хүрлээ. Үлдсэн гурван улирлын маань ажлын нэг хэсэг Хууль зүйн салбарын мэргэжилтэнүүдийн сэтгэл зүйн байдпыг тогтвортой байлгах зорилгоор хэд хэдэн төрийн байгууллагтай хамтран ажиллах судалгааны ажил маань эхэлсэн. Мөн “Алтаргана” хуулийн товчооны хүрээнд Хууль зүйн сургуулийн оюутнууд болон мөн энэ салбарын мэргэжилтэнүүдэд зориулсан шүүх засаглалтай холбоотой түүхэн судалгааны ном маань удахүй мэндэлнэ. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоотойгоо маш ойрхон байхыг хичээдэг. Мөн Прокурорын байгууллагатай хамтарч ажиллах ажил маань тодорхой түвшинд явж байна. Зөвлөх үйлчилгээ авч байгаа компаниудынхаа эрх зүйн харилцааг улам боловсронгүй болгох зорилгоор баримт бичгүүдийг үйлчлэх компаниуддаа өгөөд боловсруулаад шинээр батлагдаж байгаа хууль дүрэмтэй нийцүүлэн ажиллаж байгаа. Зарим хэрэг маргаан дээр цагаатгах байр суурьтайгаар ажиллаад оны эхэнд 5 жил, 7 жил хорих ялын шийтгэл авсан Цагдан хорих 461 дүгээр хоригдож байсан залуучуудыг суллаж цагаатгасан нь 2025 оны том ажлын нэг гэж ойлгож байна. Энэ бол өмгөөллийн байгууллага болоод Монголын Өмгөөлөгчдийн холбоо залуучуудаа чадавхжуулж мэргэшүүлсний үр дүн гэж харж байна. Тийм учраас дээрх төлөвлөсөн бүх ажлаа эрчимжүүлж, бидэнд итгэлээ өгөөд зориод ирсэн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг тууштай хамгаална. Мөн байнгын үйлчлүүлэгч байгууллагуудтайгаа тулж ажиллах, оюутан залуучуудад зориулсан эерэг нөлөөллийн ажлыг тогтмол хийж, бүх нийтэд зориулсан эрх зүйн боловсролыг дээшлүүлэх мянга мянган контентээ үнэ төлбөргүй хийхийг ажлын гол чиглэлээ болгон ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Д.Нэргүй
hudlaa chaaj ugjiinoo