Амь халуун үгсийн урсгалыг
Амраг чамдаа илгээлээ
Аялгуу дуу хоолой минь
Амраг чамайгаа олох болно.
Хөндлөн уулсын зүрхийг нэвтлээд
Хөх усан мөрний энгэрийг элбээд
Хөлөл их мододыг хөлгүйтүүлээд
Хүүхэн хүний хайр чамд очих болно.
Үзтэл өмнө чинь хий хоосон ч
Үймрэн чи санаа алдаад
Уйлах шалтаг үгүй атал
Унагах нулимс төрөн бүтвэл
Учраагүй амраг чинь мөрөөсөөд
Уянгалан дуулж байна гэж санаарай
Учрах зайг хороож байна гэж бодоорой.
Илтэд нүүрийг чинь
Халуун салхи илбэвээс
Энэ миний гар, хуруу…
Хүүхэн хүний хүсэл биежээд
Хүзүү цээж рүү чинь дөхөж
Хүрэн алдан буй нь тэр.
Санамсаргүй атал чи өндийвөл
Салхины ар талд би байгаа…
Намайг чи хайваас
Нарийн гэрлийг дагаарай.
Аялгуу хаанаас бүтнэ вэ хэмээвээс
Амин зүрхээ чагнаарай
Амраг хүү минь ээ,аяа бид эртнээс
Алтан утсаар холбоотой шүү.
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа
