УИХ-ын чуулганыг энэ долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэнээр хаахаар болжээ. Өнгөрөгч долоо хоногт анхдугаар чуулганыг хаах төлөвлөгөөтэй байсан ч Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан юм.
ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас С.Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага маргааш дуусах учир лхагва, эсвэл пүрэв гарагт УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, анхдугаар чуулган хаалтаа хийх төлөвтэй байгаа аж.
