Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийг үргэлжлүүлнэ

2016 оны 08-р сарын 04 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Дэлхийн томоохон хотуудад замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Гэхдээ тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр асуудлаа бүрэн шийдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн тээвэрт дэвшил авчрах төслийг үргэлжлүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд төлөвлөлт, судалгааг эргэн харж, ажлын хэсгийн хүрээнд ярилцан тохиролцох хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Тусгай замын гэгдэх нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой, нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээс эхний ээлжийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар  хэлэлцэн баталжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх