Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдад Засгийн газар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүслээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Монгол судлаачдыг гадна ертөнц дэх монгол орон, монголчуудын элч төлөөлөгч гэж болно. Тиймээс монгол судлаачдын тоо өсөж, монгол судлалын сургалт, судалгааны төвүүд нэмэгдэхийн хэрээр гадаад ертөнц бидний талаар хамгийн бодитой, үнэн зөв мэдээллийг авах болно. Ийм боломж улам өргөжиж байна” гэж тэмдэглэлээ.
Төр, засгаас монгол судлалыг бодлогоор дэмжих болсноор энэ салбарт эерэг дүн гарч эхэллээ. Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн сургалт, судалгаа идэвхжиж, БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ-ын Берклей их сургууль монгол судлалын салбар шинээр нээсэн бол ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байгаа юм. Үүнтэй зэрэгцэн дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, судалгааны томоохон суурь бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх чиглэлээр ч санаачилга гарч байна.
Монгол судлалыг бодлогоор дэмжсэний дүнд сонирхон суралцагч оюутан залуусын идэвх сэргэж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн жил зохион байгуулсан Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуульд дэлхийн 10 орны 17 төвийн 28 залуу судлаач оюутан оролцсон бол энэ жилийнхэд 12 орны 19 төвийн 30 залуу судлаач оролцохоор болжээ. Гэхдээ монгол судлалын салбарт хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд багагүй байна. Төсөв хөрөнгөөс шалтгаалж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжиж чадахгүй байгаа учир хүсэлт гаргасан төвүүдэд жил бүр ээлжлэх зарчмаар дэмжлэг олгож ирсэн байна.
Иймээс төсөв мөнгөний боломжийг бүрдүүлж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжих, батлагдсан зардлыг түргэн шуурхай шилжүүлэх талаар анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох байгууллагад чиглэл болгоно гэдгээ монголч эрдэмтдэд амлалаа.
Мөн монгол судлаачид манай улсын номын сан, архивт сууж, судалгааны эх хэрэглэгдэхүүнтэй танилцахад тулгардаг бэрхшээлийг арилгаж, таатай нөхцөл бий болгох ёстой гэж тэрбээр үзэж буйгаа илэрхийлэв. Монгол судлалын сургалт, судалгаанд оролцох гадаадын эрдэмтэн судлаач, оюутан залуусыг Монгол Улсад зорчиход визийн түргэн шуурхай, хөнгөлөлттэй үйлчилгээ бий болгох талаар судалж, зохистой хувилбараар шийдэхээ онцоллоо.
Цаашид гадаад орнуудад хадгалагдаж байгаа ховор баримт сэлтийг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтдийн гарт хүргэх санал, санаачилгыг Засгийн газар бодлогоор дэмжих юм. Монгол судлалын төв, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод ажлаа уялдуулж, хамтран ажиллан чанар, үр дүнг шинэ шатанд гаргахад анхаарах нь чухал байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Энэ нь хүн төрөлхтөний түүх, дэлхийн нийгэм соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр, үзүүлсэн нөлөөлөл, эзлэх байр суурийг үнэн зөвөөр тодруулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд судалгаа шинжилгээнд суурилсан зарчим хэвшихэд тулгуур үндэс болно хэмээн найдаж байгаагаа хэллээ.
Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцогсод “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хийх юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
