“ШӨХТГ-аас “Болд төмөр-Ерөө гол” компанийн гомдлын дагуу шалгалт явуулж Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын тарифийн мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай 2016 зургаадугаар сарын 20-нд тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр 1.8 тэрбум төгрөгөөр торгохоор болсон
Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд тушаал гаргаж, үнийн тарифтаа өөрчлөлт оруулсан байна. Улмаар шинэчилсэн тарифыг долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр тушаалдаа тусгажээ.
Харин Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэтэл УБТЗ-ын хувьд ийнхүү өөрчлөлт хийхдээ ШӨХТГ-аар хянуулаагүй байна. Тиймээс хуулийн дагуу УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг ШӨХТГ-аас мэдээллээ.
