Японы Тээврийн яам Mitsubishi Motors компанийн машиныг дотоодын зах зээлд худалдахыг зогсоожээ. Mitsubishi Motors өөрийн найман загварын машины шатахуун зарцуулалтын мэдээллийг санаатайгаар нууж байсан нь илэрсэн тухай Reuters дамжуулжээ.
Яамны мэдээгээр Pajero, Outlander, мөн RVR SUV загваруудад шатахууны хэмнэлт нь маркетингийн каталогт өгөгдсөн үзүүлэлтээс бага үнэлгээтэй гарчээ.
Mitsubishi хуурамч мэдээлэл гаргасан дуулианд энэ жилийн дотор хоёр дахь удаагаа татагдан орлоо. Үүнээс өмнө Mitsubishi компанийн бага оворын дөрвөн загварт үзүүлэлт бас л хуурамч байсан аж. Судлан шалгахад найман загварын шатахуун зарцуулалт нь зарлагдсанаас 8,8% (4,2% дунджаар) илүү байв. Авто үйлдвэрлэгчид эдгээр найман загварын үзүүлэлтийг засан хэвлэсний дараа Японд худалдахыг хоригложээ. Засварын ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжлэх бололтой. Ийм хориг нь уг компанийн дотоодын худалдаанд сөргөөр нөлөөлнө. Нэмэлт зардал гарч байгаа нь компанийн ашгийн тайланд ч нөлөөлөх ажээ.
Энэ дуулиан мандсаны дараа Mitsubishi компанийн хувьцааны үнэ уналаа. Компани Nissan-д хандан хувьцааныхаа 30 хувийг 2,2 тэрбум ам.доллараар худалдсан байна.
Mitsubishi бас 25 жилийн турш ийм хуурамч арга хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн байв. Тэд бодит туршилтын тоог биш ойролцоо үнэлгээг шатахууны хэмнэлтдээ тооцож иржээ.Уг компани энэ жилд 1,4 тэрбум ам.долларын хохирол амсах магадлалтай. Гэнэтийн төлөвлөгдөөгүй хохирол нь 150 тэрбум иен ($1,47 тэрбум) болоод байна.
