“Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадам энэ жил 9 дэх удаагаа ОХУ-д зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн 47 орны 140 цэргийн хөгжмийн хамтлаг оролцоод байна. Москва хотноо 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохиогдож байгаа энэхүү наадамд
Монгол Улсын Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн анх удаагаа оролцож байна. Наадамд оролцож байгаа орнуудын хөгжмийн хамтлагууд “Улаан талбай” дээр орой бүр тоглолт үзүүлж байна.



8 дугаар сарын 28-ны ням гаригт Улаан талбайд болсон тоглолтыг Элчин сайд Б.Дэлгэрмаа үзэж сонирхов. Монгол Улсын цэргийн найрал хөгжимчид Улаан талбайд цог жавхлантай орж ирэхэд Кремлийн албан ёсны “дуу хоолой” болох нэвтрүүлэгч “Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа өөрийн орны хөгжимчдийг дэмжихээр хүрэлцэн ирээд байна” гэж зарласан нь Монгол Улсын нэр төрийг өндөрт өргөсөн үйл явдал болов.
Энэ үдэш МУСТА, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, Гнессиныхны нэрэмжит хөгжмийн академийн магистр Ч.Бадрал талбай дээр гарч монголын хөгжимчидтэйгээ хамт дуулсан нь хуран цугларсан 10000 үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Энэ жил тус наадамд Монгол, Орос, Хятад, Япон, Казахстан, Австри, Беларусь, Грек, Итали, Швейцарь, Финлянд, Израиль улсын хөгжимчид оролцож авьяас чадвараа үзүүлж байна.
