2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр орон даяар эхэлж байна. Зуны зугаатай буюу амралтын урт өдрүүд дуусч, ийнхүү эрдэм номдоо шамдан суралцах их үйлсийн гараагаа эхлүүлэх өдрүүд айлчлан ирж байгаа нь энэ. 95 жилийн түүхтэй Батлан хамгаалах их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцлоо. Энэ жил улсын хэмжээнд 100 их, дээд сургууль, коллежид 164.5 мянган оюутан суралцагч элссэнээс Батлан хамгаалах их сургуульд мянга гаруй оюутан хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “95 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа тус сургууль нь Батлан хамгаалах Зэвсэгт хүчинд чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үндсэн чиг үүргээ энэ урт хугацааны туршид хэлбэрэлтгүй биелүүлж ирсэн. Ард иргэд, өсвөр үе, залуучуудад эх оронч, үндэсний үзэл, бие бялдарын өв тэгш хүмүүжил төлөвшүүлэхэд БХИС-ын үүрэг оролцоо маш чухал гэдгийг энэ дашрамд тэмдэглэж хэлмээр байна. Энэ чиглэлийн аливаа бүтээлч ажил, санал, санаачлагыг миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд байнга дэмжин ажиллах болно. Та бүхэн БХИС-д суралцах хугацаандаа цэргийн хэргийн болон иргэний боловсрол эзэмшиж, өөрийн мэдлэгийн санд асар их мэдээлэл хуримтлуулж, дадлага, ур чадвараа ахиулж, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй болсоноор Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэлтийн хөдөлгөгч гол хүч нь болох юм. Мөн БХИС бол цэрэг эрсийн сургууль бие бялдарын хөгжилд онцгой анхааран эрүүл чийрэг монгол иргэний үлгэр дуурайлал байх ёстой гэдгийг анхааран суралцаарай. Энэ тал дээр ЗХЖШ, БХИС-ийн удирдлагын зүгээс анхаарч ажиллах болно. Эдгээрийн зэрэгцээ Оюутан залуучууд та бүхэн суралцах хугацаандаа мэргэжлээ сайтар эзэмшиж, ёс суртахууны зөв төлөвшилтэй, бие бялдарын өндөр хөгжилтэй болж, гадаад хэлийг сайтар эзэмшин, техник технологи, компьютер мэдээлэл, инновацийг судалж өөрийн болгон суралцах хэрэгтэй гэдгийг захиад Их Жанжин Д.Сүхбаатарын нэрээр овоглосон их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж Монгол цэргийн алдар нэрийг улс нийгэмдээ төдийгүй дэлхий дахинаа алдар цуугаа дуурсгана гэдэгт би итгэл төгс байна” гэдгээ илэрхийллээ.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр 2016-2017 оны сургуулийн жилд БХИС- д элсэн суралцагчдыг төлөөлж Аюулгүй байдлын сургуулийн 1-р дамжааны оюутан Ням-Осорын Болд нийт оюутнуудаа төлөөлөн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эх орныхоо гэрэлт ирээдүй, эрдмийн эзэд болсон эрхэм хүндэт оюутан, сонсогч сурагчид болон сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж эрдэм оюуны ариун үйлст тань өндөр амжилт хүсэн ерөөе. Батлан хамгаалах их сургууль нь боловсрол шинжлэх ухаан, технологийн хөгжлийг тэргүүлэн манлайлагч мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Монгол Улсын үндэсний ууган их сургуулийн нэг билээ. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын дунд сургуулийг төгсч, өөрийн бодол хүсэл, багын мөрөөдөлдөө хөтлөгдөн тус сургуульд эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн үеийн олон нөхөдтэйгээ мөр зэрэгцэн суралцах болсондоо баяртай байна. Монголын зэвсэгт хүчин өнө эртнээсээ морьт цэргээс моторжсон хүлгийг эзэмшсэн түүхэн уламжлал, дайчин замналтай эрэлхэг охид хөвгүүдээрээ бахархаж явдаг гэж би ойлгодог. Эгэл жирийн малчны хүү би өнөөдөр тус сургуульд суралцсанаар тэрхүү моторжсон хүлгийг эзэмших болсондоо сэтгэл хөдлөн чин сэтгэлээсээ баярлаж байна. Би ийм бахархам түүхт, баялаг уламжлалтай их сургуульд элсэн орсондоо туйлын их баяртай байгаа бөгөөд сургууль хамт олныхоо итгэлийг хүлээн сонгосон мэргэжлээрээ хичээнгүйлэн суралцаж “Манлайлагч” оюутан байх болно” гэлээ.
