Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдрөөс эхэлнэ

2016 оны 09-р сарын 15 өдөр, 13 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагджээ.
Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрөөс зарим арга хэмжээнүүд эхлэх юм. Тухайлбал, 9 дүгээр сарын 15-ны пүрэв гарагт Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болох бол баасан гарагт 15 цагаас Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох аж.
Мөн есдүгээр сарын 17-ны бямба гарагт 08:00 цагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлнэ. 11:40 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. 12:30 цагт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, 14:00 цагт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх