Архи нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж сэтгэл мэдрэлийг өдөөгч мансууруулах бодис юм. Архи нь хүний амнаас эхлээд шимэгдэж эхэлдэг бөгөөд эхний 10-15 минутад ходоодонд 20 хувь шимэгдэнэ. Цаашлаад цусанд орж, хүний биеийн бүх эдэд очдог. Шимэгдсэн архины 5 хувь нь уушиг, шээсээр гадагшилж, 85 хувь нь элгэнд исэлдэнэ.
Архи хэтрүүлэн хэрэглэснээр хүний бие мах бодь, сэтгэл мэдрэл, нийгэм, эдийн засагт нэлээдгүй хохирол учруулдаг. Үүнд:
- Ходоод, гэдэсний салстыг цочроож үрэвсүүлснээс хоол боловсруулан шингээх үйл ажиллагаа алдагдана. Архи удаан уусан хүний ходоодны хуниас зузаарсан, эсвэл бүр гөлийсөн байдаг.
- Архи их ууж хордлогод орсноос элэг томорч, гликоген багасч, өөх хуримтлагдсанаар элэгний эсүүд үхэж өөхлөх буюу элэгний эдүүд үрэвсэж, цаашид хатуурал болдог.

- Архи байнга хэрэглэснээр 12 нугалаа гэдэсний салстыг хавагнуулж, цөс ба нойрын булчирхайн шүүсний ялгаралтыг алдагдуулж үрэвсэл үүсгэх ба цаашид чихрийн шижин өвчин болж хүндрэх аюултай.
- Архаг архичид бөөрний үрэвслээр өвдөх нь түгээмэл байдаг.

- Архи нь цусны бүлэгнэлтийг ихэсгэснээс зүрхийг тэжээх судас бөглөрөх аюул тохиолддог. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс жирийн хүмүүсээс цусны даралт ихсэх өвчнөөр 2-3 дахин их өвддөг.

- Архи амьсгалын эрхтэнд орж үрэвсүүлэх ч тохиолдол байдаг.
- Архичид хоолонд дургүй байдаг тул хоол тэжээлийн дутагдалд орж, дархлаа нь суларснаар өвчинд өртөмтгий болдог.
- Архи нь дотоод шүүрлийн булчирхай, ялангуяа бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхай, хромосомын аппаратад нөлөөлснөөс ухаан муутай, унадаг, тахир дутуу хүүхэд төрдөг.
- Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас тархины эсүүд хүчилтөрөгчөөр дутагдаж, цаашид эсүүд нь үхэж эхэлдэг. Үүний улмаас тархины хэмжээ багасч, сэтгэх чадвар, ой ухаан муудна.

- Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хоол тэжээлийн гажуудалд хүргэдэг. Хатуу архи зөвхөн илчлэг өгдөг бол шар айраг нь амин дэм В1 ба ниациний дутагдалд оруулдаг.
- Согтууруулах ундаа нь биеийн өсөлтөнд чухал шаардлагатай цайр, фолийн хүчлийн шимэгдэлтийн эсрэг нөлөөтэй учир жирэмсэн эмэгтэйчүүдэд согтууруулах ундаа өгөхийг хориглох бас нэг шалтгаан болдог байна.

