ӨМӨЗО-нд айлчилж байгаа Монголын сэтгүүлчид өчигдөр тус орны Баяннуур аймгийн Урьдын домбот хошууны нутаг дахь Ганц мод хилийн боомтын үйл ажиллагатай танилцлаа.
Уг боомтыг 1992 онд улирлын чанартай ажиллуулахаар анх нээсэн бөгөөд 2009 оноос байнгын ажиллагаатай болгосон байна. 24 жилийн түүхтэй боомтоор 71 сая 450 мянган тн барааны экспорт,импорт хийсэн бөгөөд нийт худалдаа 79 тэрбум 400 сая юаньд хүрсэн.
Ганц модны боомт нь Монголын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомттой хиллэдэг. Өнөөдрийн байдлаар хөгжил дэвшил рүү тэмүүлж байгаа орчин үеийн хилийн боомт юм.
Энд боомт хотын нарийвчилсан төлөвлөлт,орчин цагийн дизайн,автозам,төмөр замын төгс шийдэл мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Өвөр Монголыг Монгол Улс руу нээн хөгжүүлэх чухал цэг, Евразитай холбох гарц бол Ганц модны боомт юм.
Уг боомт Өмнөговь аймгийн Даланзадгадаас 330 км, Тавантолгойн уурхайгаас 245 км, Оюутолгойн уурхайгаас 105 км зайтай аж. Тус боомт нь улсдаа жилд 13 тэрбум 100 сая юаны татвар бүрдүүлдэг, нүүрсний импорт нь 10 сая тн-ыг давдаг байна.
ӨМӨЗО-ы ачаа тээврийн хамгийн том автозамын боомт юм.








