2018 онд их сургуулийн эмнэлэгтэй болно гэв

2016 оны 10-р сарын 03 өдөр, 17 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БСШУС-ын сайд Ж.Батсуурь /2016.09.29/ АШУҮИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчидтай уулзлаа. Уулзалтын үеэр АШУҮИС-ийн цаашдын бодлого, үйл ажиллагааны тухай тус сургуулийн захирал Г.Батбаатар товч танилцуулсан юм.

Тухайлбал, АШУҮИС түүхэндээ анх удаа их сургуулийн эмнэлэг барих төслийг “Жайка” олон улсын байгууллагатай хамтран эхлүүлжээ. Төслийн барилгын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ирэх 2018 оны зургадугаар сард түлхүүр гардаж авах аж. Мөн өнгөрсөн онд АШУҮИС-ийн хамт олон улсын төсвийн хоёр тэрбум, сургуулийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон давхар номын санг ашиглалтад оруулжээ. Ийнхүү тус сургуулийн оюутнууд 100 хувь номын сангаараа үйлчлүүлэх боломж бүрдэж, номын фондоо 20-25 хувиар шинэчилсэн байна. Тус сургуульд эдүгээ дэлхийн 10 гаруй орны оюутан залуус суралцаж байна. Өнгөрсөн онд тус сургууль 100 гаруй оюутанд 70 сая төгрөгийн тэтгэлэг олгосон бол энэ онд 250 сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөөд байгаагаа энэ үеэр дуулгалаа. Энэ мэтчилэн 2024 он хүртэл хөгжлийн бодлогоо тодорхойлсон АШУҮИС-ийн хамт олон хийсэн, бүтээсэн ажлаа салбарын сайддаа дуулгав. Түүнчлэн хүлээгдэж буй хэд, хэдэн төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа учир дэмжлэг хүслээ. Тухайлбал, сургуулийн эмнэлгийн барилгын тавилга, эд хогшилд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгаж өгөхийг хүсэв. Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарал хандуулахыг хүслээ. Харин БСШУС-ын сайд Ж.Батсуурь улс орны өмнө хамгийн чухал үүрэг хүлээсэн боловсон хүчин бэлтгэдэг хариуцлага өндөртэй сургуулийн хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв. Түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа Монголын анхны их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг саадгүй явуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарах болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх