Хайрын шүлгийн “Цагаан Уул”-2016 наадмын шилдгээр Н.Минжинсайхан тодорлоо

2016 оны 10-р сарын 07 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МЗХ-оос уламжлал болгон 18 дах жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам өнөөдөр боллоо. Тус наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн нийт 99 найрагч бүтээлээ ирүүлснээс шилдэг 28 яруу найрагч шүүгчдийн шалгаруулалтаар үлдсэн. Тэгвэл эдгээр 28 яруу найрагч өнөөдөр өөрсдийн бүтээлээ МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс орон даяар уншиж үзэгч олноо толилуулсан юм.

Гуравдугаар шатанд тэнцсэн 5 яруу найрагчаас шилдгүүд тодорсон бөгөөд наадмын тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрын шагналыг яруу найрагч Б.Алтанхуяг хүртлээ. Харин наадмын шагналт гуравдугаар байрт яруу найрагч Б.Хургаа, дөрөвдүгээр байрт яруу найрагч Э.Гантулга, тавдугаар байрт А.Сүглэгмаа нар тус тус шалгарлаа.
Наадмын тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Н. Минжинсайханы сэтгэгдлээс хуваалцахад “Юуны өмнө хамт оролцсон яруу найрагч нартаа уран бүтээлийн амжилт хүсье. Би энэ наадамд 4 дэх удаагаа оролцож байна. Өмнө нь 2 удаа дэд байрт шалгарч байлаа. Энэ удаад “Цагаан Уул”-ын эзэн болсондоо маш их баяртай байна. Ер нь хайр гэдэг бол хүн төрөлхтний олж авсан хамгийн үнэт зүйл. Тэр үнэт зүйлийг олж авсан хүн төрөлхтөнд баярлалаа гэж хэлэх байна. Мөн тэр их ид шид, хүндлэл, хайр гэх зүйлийг бүтээж яваа тэр сэтгэл зүрхний өмнө мэхийн ёсольё” хэмээв.
“Цагаан уул-2016” наадмын ерөнхий шүүгчээр зохиолч, яруу найрагч Б.Галсансүх, шүүгчдээр “Болор цом” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Л.Моломжамц, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв, МЗЭ-ийн шагналт, “Болор цом” яруу найргийн дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн нар ажиллалаа. Ерөнхий шүүгч Б. Галсансүх “ Залуу яруу найрагчдын чанар чансаа жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн энэ жилийн наадмаас харахад шинэ залуу үе гарч ирж байгаа нь харагдлаа. Тэгэхээр дараагинй шатанд шалгараагүй залуу яруу найрагчид маань битгий сэтгэлээр унаарай. Энэ наадамд оролцож шүлгээ уншиж байна гэдэг сайхан зүйл шүү” гэлээ.
Мөн наадмын үеэр “Болор цом”-ын хошой шагналт, СГЗ, яруу найрагч Ц.Хулан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга нар залуу яруу найрагчиддаа шүлгэн мялаалга өргөсөн юм. Энэ үеэрээ яруу найрагч Ц.Хулан “Дурлал хайргүйгээр дуулим хорвоог туулах хэрэггүй. Эрдэмдээ шамдахын хажуугаар хамгийн ихээр хайрлаж байгаарай” гэж залуустаа захисан юм.
18 дахь жилдээ болж буй уг наадмыг Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНРТ хамтран ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд зэрэг олон яруу найрагчид шалгарч байлаа.

tsagaan2 tsagaan3 tsagaan4 tsagaan5 tsagaan6 tsagaan7

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх