Дуучин Ц.Туяацэцэг хамтрагчаа сольжээ

2016 оны 10-р сарын 20 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын урлаг, түүний доторхи нийтийн дуу, уртын дууны ертөнцөд эгч дүү гурав хамтран уран бүтээлээ туурвиж байсан нь тун ховор. Тэр тусмаа хит болсон олон сайхан дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн нь бүр ч ховор. Тэгвэл “Хослох зүрхний уянга”,  “Их хайр”-аас эхлээд олон сайхан дууны эзэн болсон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, МУСТА Ц.Туяацэцэг ээлжит уран бүтээлийн цэнгүүнээ түмэн олондоо хүргэх гэж байна. Үүний өмнө тэрбээр төрсөн эгч МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУСТА Ц.Отгонцэцэг нартай хамтарсан уран бүтээлийн цэнгүүнийг удаа дараа хүргэж байсан болохоор үзэгч түмэн энэ л тоглолтыг хүссэн байж мэднэ. Тэгвэл Ц.Туяацэцэг энэ удаад   Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин МУСТА Б.Төрмөнхтэй хамтран “Их хайрын зөрөг”  уран бүтээлийн цэнгүүнээ 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цагт үзэгч олондоо хүргэх гэж байна. Дуулах ур чадварын хувьд өсч, дуурийн мэргэжлийн хүрээнээс өндөр үнэлгээ авах болсон МУСТА дуучин Б.Мөнхтөртэй хамтран уран бүтээл хийж байгаа нь санаандгүй хэрэг биш байж таарна.

Ийнхүү хамтрагчаа сольсон Ц.Туяацэцэг нь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажилладаг учраас “Их хайрын зөрөг” тоглолтод чуулгынх нь уран бүтээлчид оролцоно.

Мөнхүү ард олондоо “Өнөр бүл”-ийн Цэрмаа гэх дүрээр алдаршсан түүний эгч МУГЖ Ц.Чулуунцэцэг болон бусад уран бүтээлчид оролцох аж.

Ц.Туяацэцэгийн хамтрагч дуурийн өсч яваа залуу дуучин Б.Мөнхтөрийг ч УДБЭТ-ын найрал дуучид дэмжин оролцох юм билээ.  “Их хайрын зөрөг” тоглолтын эзэд маань хоёулаа урлагийн их үүр уурхай болсон СУИС-ийг дүүргэсэн мэргэжлийн уран бүтээлчид гэдгийг надаар хэлүүлэх юун. Урлагийн сургууль төгссөн цагаас хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж ирсэн хоёр залуугийн уран бүтээлийн сан чамгүй арвижсан учраас үзэгч түмэндээ цоо шинэхэн уран бүтээлээ дээжлэн барих гэж байгаа хэрэг. Түүнээс гадна тэдний хит болсон уран бүтээл ч энэ үеэр эгшиглэх юм байна.

Мэргэжлийн урлагийн сургууль төгсөөд  урлагийн байгууллагад өнөөдрийг хүртэл ажиллаж, дуулах ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй чамгүй туршлага цуглуулсан залуусын хамтарсан уран бүтээлийн цэнгүүн энэ намрын сонгодог тоглолт болно хэмээн мэргэжлийн хүрээнийнхэн дүгнэж буй.

Дашрамд дурдахад залуу хоёр уран бүтээлчийн хамтарсан цомог ч олны хүртээл болоод байгаа аж.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх