Консулын асуудлаарх олон улсын 3 дахь чуулга уулзалтыг БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Сөүл хотноо 2016 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулав. Чуулга уулзалтад 33 улс, 19 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, консулын чиг үүрэг хэрэгжүүлэх талаарх туршлага, консулын салбар дахь хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох талаар санал солилцлоо.
Чуулга уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд оролцсон бөгөөд уулзалтын үеэр “Консулын салбар дахь хамтын ажиллагааны тохиролцоо”-г талууд санал нэгтэйгээр баталсан нь “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-ийг 1967 онд баталснаас хойш консулын асуудлаар олон улсын түвшинд байгуулсан анхны баримт бичиг болж буйгаараа онцлог байв.
