“Монгол бахархлын өдөр”-т зориулсан ёслолд оролцов

2016 оны 11-р сарын 01 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” одон гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардсан эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчид, дуучдын 15-р наадмын дуулаачийн төрлийн тэргүүн, уг наадмын Гран при шагналт Ганбаатарын Ариунбаатар хүртлээ.

Одон гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх