Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллалаа

2016 оны 11-р сарын 07 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд  Өмнөговь аймагт ажиллаж,  уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцлаа.

Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил,  далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суваргын орд, Гашуунсухайтын боомт,  “Тавантолгой”  ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь  танилцав.

Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар уул уурхайн үйл явцтай танилцлаа.

“Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг  давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн  бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Түүнчилэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх