“Сумын эмч” кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ

2016 оны 11-р сарын 07 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн залуу эмч Шижирнямбуу Говь-Алтай аймгийн Тонхил суманд хуваарилагдан иржээ. Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр хөдөлмөрийн гараагаа сумын эмнэлгээс эхэлж хал үзэж, хашир сууж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эмч болно. Залуу насны оргилуун хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хөдөө орон нутгийг зорьж суманд ажиллах явцдаа багагүй бэрхшээлтэй учирч зориг мохжээ. Гэвч тэрээр нутгийн бүсгүй, сумын дунд сургуулийн багш Хоролсүрэнд сэтгэлтэй болсноор хот буцах бодлоо түр орхиж орон нутагт суурьшин ажиллана. Түүний санал санаачилга олон хүний дэмжлэг, хүндэтгэлийг хүлээсэн ч зарим атаархагч хүмүүний матаасаар үл ойлголцол үүсч удирдлагын зүгээс зэмлэл, шийтгэл хүлээж аймгийн прокурорт мөрдөгдөж, намаас донгодуулж шийтгүүлнэ.

Гэвч Шижирнямбуу энэ бүхэнд шантралгүй бэрхшээлийг даван туулж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд үнэнчээр зогсч, өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ харуулж, сумын хүн эмнэлгийн үйл ажиллагааг улсын тэргүүний эмнэлэг болгож чадсан талаар “Сумын эмч” кинонд гардаг байна. Тус киноны нээлт өчигдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болсон юм.

Киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Намдагийн шагналт зохиолч Т.Баасансүрэн, ерөнхий найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, “Эзэнгүй айл” телевизийн олон ангит киногоор олны танил болсон нэр найруулагч О.Соёлт ажиллажээ. Харин киноны хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, залуу хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл, гол дүрд залуу жүжигчин Н.Баттогтох, Р.Янжиндулам, Э.Баярчимэг нар бүтээсэн байна.

“Бурхны элч” телевизийн цуврал кино дотроо “Сумын эмч”, “Өрхийн эмч”, “Ардын эмч” гэсэн хэсэгтэй бөгөөд эхний бүлэг болох “Сумын эмч” кино ирэх даваа гаригаас эхлэн TV-9 телевизээр гарах аж. Энэ кино нь ТВ-9 телевийн уран бүтээлч хамт олны 2016 онд бүтээсэн томоохон уран бүтээлийн нэг юм. Зохиолч киноныхоо талаар “Би Ховд аймгийн Цэцэг сумынх. Манай сумаас 100 гаруй эмч төрж гарсан байдаг. Эмч нар бурхны элч юм гэсэн санаа тэгэхэд төрсөн. Ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсч буй мянга мянган эмчид тохиолддог жаргал, зовлон бэрхшээлийг хэрхэн туулдгийг энэ киногоороо харуулахыг зорьсон. Энэ киног хийхэд Эрүүл мэндийн яам маш их тусалсан” хэмээн киноны нээлтийн үеэр хэлж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх