Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Захирамжийн хоёр дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт нэмж газар олгохыг хориглохоор заасан байна. Энэ талаар хотын дарга С.Батболд “Хэрэв сургууль, цэцэрлэгийн газар дотор газар олгохоор бол зөвхөн тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын тоо, орны тоог нэмэх зорилготой бол олгоно.” гэсэн юм.
Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэр хууль зөрчсөн байвал хүчингүй болгохыг хотын дарга мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер 12 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, Засаг даргын зөвлөлд танилцуулахаар болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
