Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө аж ахуйн нэгжүүдийн саналыг тусгахаар болов. Тэрээр өчигдөр тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонссон юм. Сэлэнгэ аймаг газар тариалан, мал аж ахуйн бүс нутаг гэдгээрээ цаашид өрхийн орлогыг нэмэгдүүлэх, үр дүнтэй ажиллах талаар аймгийн Засаг дарга болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ярилцсан юм. Уулзалтад “Гацуурт”, “Алтан тариа”, “Спирт бал бурам”, “Майн тейч”, Болд төмөр Ерөө гол, Центерра гоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг 10 гаруй компанийн удирдлага хүрэлцэн ирэв.
Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ одоо байгаа бааз суурин дээрээ түшиглээд мал аж ахуй, газар тариалангийн жишиг аймаг болгох саналыг хэлж байлаа. Тухайлбал, мах экспортлох,ногооны зоорь байгуулах, гаднаас авдаг хуурай сүүг дотооддоо үйлдвэрлэдэг болох зэргээр олон санал дэвшүүлсэн юм. Мөн аймгуудаас хамгийн түрүүнд тулгамдсан асуудлыг сонсч, саналыг мөрийн хөтөлбөрт тусгах уулзалтыг зохион байгуулсанд талархаж буйгаа бизнес эрхлэгчид хэлж байв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил аж ахуйн нэгжүүдийн санаачлагыг орон нутгаас боломжийн хэрээр дэмжиж хамтарч ажиллана гэдгээ хэллээ.
