Цоодолын Хулангийн уран бүтээлийн ээлжит цойллого

2016 оны 11-р сарын 10 өдөр, 18 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ЦООДОЛЫН ХУЛАН. Нэрийг нь сонсоод л хүмүүс авьяас нь халгисан, алдар нэр  нь цалгисан, инээмсэглэл гэрэлтсэн их аз жаргалыг олж хардаг. Түүнд бусадтай адилхан гуниг бий. Баяр бий. За яахав дээ цагийн цагт түүний тухай элдвээр хэлэх нь ч бий. Бүх зүйлд сайн бүтээлээрээ хариу барьчихдаг болохоор  харин ч хүмүүс Хулангийн уран бүтээлийн ээлжит  цойллого юу бол гэж хүлээдэг болсон. Уран бүтээлч хүн бичсэн ном зохиол, хэлсэн  үг бүхэн нь цаг үеэ дахин нээж, уншигч үзэгчдээ дагуулж, уярааж, ухааруулна гэдэг хүн бүрт тохиох хувь биш. Хулан энэ удаа хөөрхөн хүүхэлдэйнүүдийн дүрээрээ олон түмэндээ танигдсан жүжигчидтэйгээ “ХЭНЭЭТНҮҮДЭД БИШ СЭХЭЭТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ЖҮЖИГ”-ээрээ бэлэг барилаа.

Бүтээл бүхэн нь бусдад хүрээд бүдэгхэн  гэгээг тодоор зураад явдаг зохиолч өнөө цаг үед хэд билээ. Ингээд бодохоор тэр аргагүй л ТОД уран бүтээлч юмаа.  Үүнийг нэг тусгал нь түүний   Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 11О жилийн ойд зориулан бичсэн МОНГОЛ АРДЫН СУУТ ЖҮЖИГ юм. Тэрээр яахын аргагүй их найрагчаа, хайрлаж, дурсаж, магадгүй дурлаж, шатаж, багагүй гуниглаж үнэнийг өгүүлжээ.

Хөшиг нээгдлээ. Тайзнаа харуй бүрийн цаг, өндөр хашааны шон шургааг л сэрийн үзэгдэх бөгөөд түүний дээгүүр дулаан цагийн бидэрт саран үүлэн цаана ил гарч , далд орж хөвнө. Үе үехэн ноход хуцалдана. Харанхуйд хоёр хүн дээр дороо орон, амьсгаадан ноцолдох агаад нэг нь хүчээр хавьгүй илүү нь мэдрэгдэх бөгөөд улмаар нөгөөгөө дийлсэн бололтой, морин туурай пижигнэх дуу гарч алсад замхрав. Гэнэтхэн  алсаас бөглүүхнээр, хөхөө гурвантаа донгодов.. Тайзнаа мөн л харанхуйд, нэгэн хүн хашаа налан бүртийн үзэгдэх төдий.  Энэ хүн бол Нацагдорж, цаашид ч түүний нүүр царай, бие бялдар энэ мэтээр , тод бусаар үзэгдсээр жүжиг дуусах юм. Тэрбээр зодуулж, морио булаагдсаны дээр сархад чамгүй хүртсэн, зүрх нь өвдсөн хүний алжаангуй сөөнгөвтөр хоолойгоор ёолсноо …. Хөхөө хөхөө би хэд наслах вэ? гэж хашгиран асууна. Хашгирах нь үзэн ядалт бус, хорсол бус, аргаа барсан хүний тэчьяадсан дуу хоолой …. Жүжиг үргэлжилсээр.

Энэхүү их хүний ээдрээт, хүнд хэцүү  аж амьдрал,  гялалзсан тод авьяас билгийнх нь илэрхийлэл болсон уран бүтээлүүд монгол уншигчдын  дунд  одоо ч оньсого таавар, бахархал бахдлыг зэрэгцэн төрүүлсээр ирсэн билээ. Нэрт судлаач С.Лочин гуай “Д.Нацагдорж бол дундарч, дуусашгүй их далай” гэж хэлсэн нь юутай үнэн.  Эх хэлнийхээ  жинхэнэ эзэн нь байж, ирээдүй хойч үедээ  гэрээслэх мэт захиж үлдээсэн “Миний нутаг “шүлэг нь л гэхэд дэлхийн 12 улс үндэстний хэл рүү орчуулагдсан.  Өнгөрөгч зуунд Нацагдорж судлал үүсэн хөгжиж, дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачид түүн рүү анхаарлаа хандуулсаар байна. Гэтэл монголчууд бид өөрсдөө, ялангуяа төр засаг, нийт уншигчид хийгээд залуу хойч үе маань  энэхүү  суутан, ховор авьяас билигтнээ хэрхэн үзэж, танин мэддэг   билээ дээ.       Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн хувьд анх удаа үзэгчиддээ өргөн барьж байгаа баримтат уран сайхны бүтээл гэдгээрээ онцлогтой шинэ уран бүтээлийн  найруулагч Б.Баатар, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар ажиллажээ.   МУСГЗ зохиолч Ц.Хулан: “”Монгол ардын суут” жүжгийн нэр бол зохиолчийн өөрийнх нь бичсэн, жанжин Сүхбаатарын тухай   нэр нэгт бүтээлийн нэр юм.

Жүжгийн зохиолч үүгээрээ тухайн цаг үеийн жинхэнэ суутныг тодруулах эрмэлзэлээр энэ нэрийг оноосон. Жүжигт их зохиолчийн амьдралын сүүлчийн шөнө  тусгагдаж, бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой,  дурсамж хууч,  тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ  онцлогтой. Нацагдорж судлаач Л. Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол,  Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад  түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг  бичсэн.  Аливаа уран бүтээлийг  хүмүүс юм бодоосой гэж хийдэг.

Гэхдээ манай жүжиг үзэх гэхээсээ илүү бодох юмтай жүжиг гэдгээрээ онцлогтой, сэтгэл зүйн драм абсурд мяагийн зохиол юм. Харин нэрний хувьд би утга уянгын ямар ч нэр өгч чадна. Хүүхдүүд залуучууддаа зориулж  жинхэнэ суутнаа  тодруулах эрэлхийллийн замд Д.Нацагдоржийг МОНГОЛ АРДЫН СУУ гэж нэрлэсэн юм” гэж хэллээ. Тэр аливааг ингэж сэтгэдэг,  бүтээдэг.

02

03

04

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх