Ээж /өгүүллэг/

2016 оны 11-р сарын 11 өдөр, 14 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Балжид хажуугийн өрөөнд хүмүүс хөхрөлдөхийг сонсон уур нь хүрэн хашгирмаар санагдана. Гэвч түүнд хашгирах тэнхээ байсангүй. Толгой тархи нь заадсаараа салах гэж байгаа юм шиг өвдөнө. Олон хоног хэвтсэнээс болоод ууц нуруу нь хөших гэж жигтэйхэн. Хажуугийн өрөөнд эгч дүү нар нь хошин юм ярьж байгаа бололтой үе үе инээлдэнэ. Тэдний инээд эрлэгийн элч өөрийг нь дуудаж буй мэт зэвүүн сонсогдохыг яана. Балжидийн уур хүрэхийн зэрэгцээ цээжинд нь бөөр хар бухимдал, гомдол оволзож уйлмаар ч юм шиг. Балжид ерөөсөө уйлах дургүй хүн билээ. Өдийн 27 нас хүртлээ хичнээн хэцүү зүйл тохиолдовч болж өгвөл уйлахгүйг хичээнэ. Гэтэл ийм өчүүхэн явдлаас болоод эгээтэй л уйлчихсангүй. Тэрээр 7 хоногийн өмнө ханиад хүрч дэмийртлээ халуурч хэвтсэн ажээ. Халуун нь удалгүй буусан боловч толгой тархи нь өвдсөн хэвээр. Эгч дүү нар нь эхэндээ овоо асарч байсан ч овоо тэнхрэхтэйгээ болоод ирэхээр өрөөгөөр орж гарах нь цөөрөөд ирэв. Хааяа нэг орж ирэн “Бие нь ямар байна” гэж нэр төдий асуучихаад гараад явчих шиг санагдав. Хэн нь ч өөриймсөг хандахгүй байгаад Балжидийн уур хүч байлаа. Ядаж өвдөөд хэвтэж байхад нөхөр нь ч үзэгддэггүй. Гэртээ ирснээс хойш нөхрийгөө ирнэ байх гэж битүүхэн харж байв. Урьд хоорондоо муудалцах үед удалгүй нөхөр нь гүйгээд ирдэгсэн. Гэтэл энэ удаа бүхэл бүтэн сар болж байхад ирсэнгүй. Нөхрийгөө ирэхгүй байгаад гомдовч “Бас ч аргагүй биз дээ. Ээжийг нь би арай л дэндүү муухайгаар хэлчихсэн” гэх бодол үе үе зурсхийв.

…Сарын өмнө Балжид ажлаасаа оройтож ирэв. Хань нөхөртэй болоод хагас жилийн нүүр үзсэн хэдий ч арайхан тусдаа гарч өрхөө татаагүй учир хадмынхаа хажуу өрөөнд амьдардаг байлаа. Хаалга тайлж өгсөн хадам ээж ширэв татаад харцнаас нь бухимдуу байгаа нь андашгүй. Нөхөр нь мөн адил янз муутай бололтой. Дуугарахгүй жаал сууснаа тэссэнгүй бололтой.

-Чи ажил төрөлтэй бол тэрнийгээ хэлчихэд яадаг юм бэ?

-Санаандгүй байтал ажил гарчихлаа гэчихээд олон үг хэлэхээс төвөгшөөн дуугаа хураалаа. Төдөлгүй хадам ээж нь орж ирээд:

-Ажилтай төрөлтэй гээд орой үдэш алга болчихоод муу хүүг минь арай элэг барьж байгаа юм биш үү гэв. Балжидад хадам нь хэзээнээс дургүй байдаг шиг санагддаг. Толгойтой үснээс их ажилд дарагдаад ядарч ирсэн түүнийг ойлгох хүн энэ гэрт нэгээхэн ч үгүй байв. Гэнэт л дотроос нь бөөн уур хилэн огшоод ирэх шиг болов.

-Ажилтай хүн явахгүй яах юм бэ гээд хэлээд тавьчихав. Яг л энэ үгийг хүлээж байсан мэт

-Чиний нэг их сүрхий ажил гээд биднийг гийгүүлж тэтгэсэн нь хаа байгаа юм бэ. Айлын эхнэр хүн чинь ажил гэж годогнож гүйгээд байхаар эр нөхрөө халамжлан хоол ундыг нь эмхэлж амьдардаг юм. Эр хүнээр гэрийн ажил хийлгээд сүр сүлдэд нь муу байгаа даа гэж хадам ээж нь цамнахад:

-Танд ямар хамаатай юм бэ? Ямар тантай суугаа юу?

-Хамаатай байлгүй яах вэ. Наад хүн чинь чамайг бодвол өмгөөлж хамгаалах эхтэй хүн. Чам шиг ямар…гэснээ үгээ залгилаа.

Тэрхэн зуур Балжидийн уур дээд цэгтээ хүрч аль муу муухай үг олоод хэлчих санаатай бодолхийлснээ:

-Та тэгээд мөнх настай юм уу. Магадгүй тан шиг хэдэн бэрээ чичилсэн авгайг эрлэг ч там ч тоохгүй биз гэж хэлчихээд хаалга саван гараад гүйчихсэн билээ.

Балжид энэ тухай бодохгүй байя гэвч бодогдоод, тэр бүрт өөрөө л буруутай юм шиг санагдана. Энэ таагүй явдлаас салахыг хичээн нүдээ анилаа. Тэрээр нэгэн эмэгтэйн өвөр дээр бүүвэйлэгдэн унтаж байгаагаар зүүдэллээ. Эмэгтэй хамрыг нь зөөлөн илэн “Миний охин хөөрхөн шүү” гэх шиг инээмсэглэх нь танил дотно. Балжид зүүдээ манан хэвтэхдээ ээжийгээ их л санаж байгаагаа мэдрэв. Бүдэг бадаг дурсагдах ээжийнх нь инээмсэглэсэн дүр үзэгдэв. “Ээж маань намайг халуураад хэвтэхээр өвөртлан хэвтдэгсэн. Тэгээд төдөлгүй миний халууныг ээж аван өвддөгсөн. Би ч хүүхэд байж дээ. Ээжийгээ үнсчихээд л тоглохоор босоод явна” гэж хэн нэгэнд хэлэх мэт аяар шивнэв. Ээжийгээ бодоход түүний сэтгэл зөөлөрч, хамар өөд нулимс агсаад ирэх шиг боллоо. Зүүд дурсамж хоёроо хөврүүлэн хэвтэж байтал нь өрөөнд хэн нэгний орж ирэх чимээ гарав. Нүдээ алгуур нээн харвал хадам ээж нь ихэд гэмшингүй царайтай зогсож харагдлаа.

-Өө ээж гэсээр өндийх гэтэл

-Зүгээр зүгээр, хэвт охин минь. Бие нь яаж байна. Охиноо гомдоогоод л, энэ тэнэг авгай чинь гэж өөрийгөө зүхэхэд Балжидийн нулимс мэлтрээд ирэв. Юу юугүй асгарах гээд байсан давсан дуслууд ар араасаа бөнжигнөв.

-Би сайн. Та намайг уучлаарай гээд тэрээр ээжийг тэврэн авлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх