Хүүхдийг сурч боловсроход юу чухал тухай “Наран” дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Алтанзаяатай ярилцлаа.
– Өнөөдөр танай сургуулийн номын сангийн нээлт болж байна. Танай сурагчид ном хэр их уншдаг вэ?
– Манай сургууль ном хөтөлбөрийн үйл ажиллагааны албан ёсны нээлтээ энэ сарын 11-ний өдөр хийсэн. Үүний зорилго нь суралцагчдыг номонд дуртай болгох, унших хүсэл сонирхлыг төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авах, чадвар эзэмшүүлэх, сурах идэвх санаачлагыг өрнүүлэхэд оршиж байгаа юм. Харин өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна. Манай сургуулийн хүүхдүүд номонд дуртай, хайртай хүүхдүүд байдаг. Жишээлбэл, ном уншсанаар өөрийнхөө үзэл бодлыг нийгэмд хандаж байгаа хандлагаа номоор илэрхийлэх хүсэлтэй хүүхэд олон бий. Ганцхан жишээ дурдахад л 12-р ангийн н.Баттөмөр сурагч маань “Нарны сүүдэр” гэдэг номоо албан ёсоор гаргаж байгаа. Япон хэлний сургууль гэдэг үүднээсээ Япон хэлний танхимд японы ном, сонинг их уншдаг.

– Сургууль болгонд номны хүрэлцээ дутмаг гэсэн асуудал байдаг. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
– Манай сургуулийн ялгарах онцлог нь номын санг арвижуулах үүднээс хандив цуглуулсан. Одоо 300-400 аад ном цуглаад байна. Хүүхдүүд өөрсдийнхөө унших дуртай номыг бусадтайгаа хуваалцья гэж энэ үйл ажиллагааг хийсэн. Мөн сургуулийн нэгэн давуу тал нь япон, англи хэл болон математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Бусад сургуулийн номын санд зөвхөн уран зохиолын ном л байдаг. Гэтэл манай сургууль тийм биш. Бага ангийнханд зориулсан ном л гэхэд үлгэрийн номноос эхлээд бий.
Хүүхэд болгон номонд дуртай гэдэг боловч шимтэж уншаагүй тохиолдол байдаг. Тийм учраас багаас нь яаж ном уншиж сургах вэ гэхээр үлгэрийн номноос эхлээд адал явдалтай ном уншуулах хэрэгтэй. Мөн номын сангаар үйлчлүүлж байгаа хүүхдүүд Япон хэл, Англи хэлний номыг өдөр болгон уншиж байдаг. Ном уншсан сэтгэгдлээ хуваалцдаг. Өглөө наймаас ирээд одоо хүртэл хариагүй давтлагад сууж байх жишээтэй.
– Номтой холбоотой өөр ямар арга хэмжээг зохиож байна вэ?
– Энэ оны дөрөвдүгээр сарын таванд 1-12-р ангийн сурагчид хаалтаа хийхээр байгаа. Үүнд зориулан номын найман алдартныг шалгаруулахаар болсон. Тухайлбал, бүтээлч уншигч, хурдан уншигч, уран яруу уншигч, номын сайн нөхөр, тэргүүний уншигч, түргэн цээжлэгч, номын сангийн идэвхтэн уншигч, шилдэг номын хөтлөгч гэсэн номнециар шалгаруулахаар болсон. Үүнээс их үр дүн гарна гэж харж байна.
– Танай сургуульд сурснаар Япон хэл сурахаас гадна өөр ямар онцлогтой вэ?
– Хүн болж төлөвшдөг. Манайд 1-12-р ангийн нэг, нэг бүлэг бий. Нэг анги 20-25 хүүхэдтэй. Хамгийн дээд тал нь 30 хүүхэдтэй. Бага ангиуд энэ жил маш их нэмэгдэж орж ирсэн. Ерөнхийдөө нэг гэрээс дөрөв, таван хүүхэд, нэг гэрийн хоёр ихрүүд явдаг тохиолдол байгаа. Үүний учир нь нэг хүүхдээ оруулаад тэр хүүхдийн үр дүн нь мэдэгдсэн учраас манай сургуульд хүүхдүүдээ өгдөг байх гэж боддог. Нэг айлын гурван хүүхэд сурдаг гэх мэт. Мөн багш нар залуу боловсон хүчнээс бүрддэг. Тэмцээн уралдаан, олимпиадад маш амжилттай оролцдог. Үүнд ч сурагчид маань их урамшдаг. Мөн Япон хэлний доктортой Тома Юки гэдэг. Манай сургуулийн бас нэгэн онцлог нь хэрэв манай сургуулийг төгсөх юм бол Тоёоко мужийн Шимида муж руу сурагч солилцоогоор явдаг. Тэгээд ирэхэд мэдлэг ур чадвар дээшлэхээс гадна, хоёр сургууль ч төгсөх боломжтой.
– Сая хүн болж төлөвшдөг гэлээ. Үүнд зориулсан тусгай хөтөлбөр бий юу?
– Манайх “leader in me” гээд манлайллын хөтөлбөрийн долоон дадлыг анги болгонд хэрэгжүүлж байгаа. Анги бүр өөрийн гэсэн модтой. Хүүхэд бүр өөр өөрсдийн ертөнцөөр модыг хийдэг. Энэ мод нь ямар учиртай вэ гэхээр ирээдүйд чи хэн болох зорилготой, юуны төлөө ажиллаж амьдрах, юуны төлөө одоо суралцаад байна вэ гэдгээ илүү дэлгэрүүлэхийн тулд модоо бий болгож өөрсдөдөө итгэл өгдөг онцлогтой. Энэхүү манлайллын сургалт нь монголд гурав дахь удаагаа хэрэгжиж байгаа. Манлайллын хөтөлбөрийг дэлхийд алдартай Шон кови гэдэг хүн гаргаж ирж байсан. Ерөнхийдөө хүн болж төлөвшихөд сурах, бидний мэдэх ёстой зүйл байгаа боловч, яг амьдрал дээр хэрэгжүүлдэггүй зүйлийг олж харна гэсэн үг. Жишээлбэл, идэвх санаачлагатай байх, төгсгөлийг нь төлөвлөх хэрэгтэй гэдгийг долоон дадалд тусгасан байдаг. Төгсгөлийг нь төлөвлөхгүйгээр юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхгүй. Энэ мэт хүн болж төлөвших зүйлийг хичээл дээр нь оруулаад, эсвэл ангийн ажлын нэг цагийн хүрээнд сурагчдад хүн болж төлөвшихийн учрыг ойлгоход зориулж энэ хичээлийг явуулдаг. Тийм болоод ч тэр үү манай сургуулийн хүүхдүүд орж ирсэн хүн болгонтой мэндэлчихдэг, сэтгэл сайтай хүн болдог гэж харагддаг.

– Сүүлийн үед хүүхдүүдэд хэтэрхий их гэрийн даалгавар өгснөөр тэр нь ачаалал, ядаргаа болж байна. Бага ангийн хүүхдүүд өөрөөсөө том цүнх үүрсэн байх жишээтэй. Танай сургуулийн хувьд?
– Ерөнхийдөө багш нараасаа шалтгаалаад гэрийн даалгаврыг өгдөг. Гэхдээ бид нар япон хэл, англи хэл, математикийн гэрийн даалгаврын нэгдүгээрт тавьдаг. Монгол хэл, уран зохиол, физик гэх мэт хичээлийн даалгаврыг тодорхой хэмжээгээр өгдөг ч хүүхдийг их шахдаггүй. Учир нь манай багш нарт хичээлээ тараад давтлагын цаг хуваарилсан байдаг. Хүүхдүүд гэрийн даалгавар гэхээсээ илүү давтлагад суух маягаар даалгавраа хийдэг. Хичээлийн хуваарийг заагаад өгсөн тохиолдолд тийм зүйл гардаггүй. Хүүхэд бүрт тусгай шүүгээ гаргаад өгчихсөн. Түүнд зайлшгүй авч явах шаардлагатай дэвтэр номоо өрөөд тавьчихдаг.
– Өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ гэсэн судалгаа гарсан. Энэ байдал танай сургуульд хэр ажиглагдаж байна вэ?
– Манай сургуульд гарч байгаагүй. Тйимэрхүү зүйлээс манай сургууль хол байдаг. Бусад сургуулиуд 9-12-р ангийнхныг багш нарын хуралд оруулдаг. Гэтэл манай сургууль тийм биш. Анхаарал татсан, буруу зүйлээр явах гээд байгаа сэжиг гарч ирэх, анзаарагдах байдал нь жаахан л өөрчлөгдөх юм бол тэр дор нь арга хэмжээ авч багш нарын хуралд оруулдаг. Хичээлийн хоцролт, таслалтаас шалтгаалаад бүх багш нарын өмнө хариуцлага хүлээлгээд, өөрөөс нь ам өчиг авдаг. Энэхүү хурлыг өмнөх жилд гурван удаа л хийсэн. Энэ жилийн хувьд өдийг хүртэл нэг хийсэн. Ерөнхийдөө сурагчдын зан чанарт л анхаардаг.
– Хурцаар тавигддаг нэгэн асуудал бол багш нарын ур чадвар юм. Танай сургуульд үүнд зориулсан тусгай хөтөлбөр бий юу?
– Мэдээжийн хэрэг хүүхдийн төлөвшил, боловсрол эзэмших байдалд хамгийн чухал нөлөөтэй хүн бол багш. Багш нар заах ур чадвар сайн байж хүүхдэд мэдлэг эзэмшүүлж чадна. Мөн хүүхдийн боловсролд багаас нь анхаарч байх нь чухал. Манай сургуулийн хувьд энэ жилээс өдөр өнжүүлэх цэцэрлэгтэй болсон. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл сайнуу гэдгийг японоор хэлдэг болох жишээтэй. Манай цэцэрлэгийн багш бол клиник профессор хүн байдаг. Мөн боловсролын байгууллагад 45 дахь жилдээ ч ажиллаж байгаа хүн бий. Туршлагатай сайн багш нараа дандаа урьж авчирдаг. Магистрын зэрэгтэй багш нар байдаг. Энэ нь ч хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэх хүчин зүйл гэж хардаг.

– Сургуулиудад ангийн ялгаа их гардаг. Танай сургуулийн хувьд?
– Зарим сургуульд энэ үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ манай сургуульд байдаггүй. Учир нь элсэлт аваад дууссан хойно Япон хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд манай сургуульд орох хүсэлт тавьдаг. Тэдгээр хүүхдүүдээс онцгой шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шалгалт авч байгаад оруулдаг. Эдгээр япон хэл сурах сонирхолтой хүүхдүүдэд тусгай анги гаргаж өгсөн. Тус ангид тусгай давтлагыг эхнээс өгдөг. Ангийн хүүхдүүдийн хувьд янз бүрийн насны хүүхдүүд суралцдаг. Тэгэхээр манай сургуулийн нэг онцлог нь 1-12-р ангийн хүүхдүүд хоорондоо найз байдаг. Бусад сургуульд 11, 12-р ангийнхан нийлдэггүй. Тэмцээн уралдаан болоход манай сургуулийн 1-12-р ангийн хүүхдүүд бүгд гар нийлэн хамтар цуг ордог. Мөн англи хэл, япон хэлний түвшинг нь гурав зааглаад өгсөн. Үүнээс үүдэн 6-12-р ангийн сурагчид нэг группд орох тохиолдол байдаг. Тэгэхээр яг л найзууд шиг ангийн ялгаа гэдэг зүйл манайд байдаггүй.
– Ярилцсанд баярлалаа
– Баярлалаа
