Аймагтаа Залуучуудын хөдөлмөрийн бирж байгуулан ажилгүйдлийг бууруулах, залуусаа мэргэжилтэй, ажилтай болгохын төлөө хичээх болно

2016 оны 11-р сарын 18 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ өдрүүдэд Хутагтын нутгийн залуус Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний  95 жилийн ойн баяраа тэмдэглэж, үе үеийнхнийхээ амжилт бүтээлээр бахархаж сууна. Энэхүү баярт мөчөөс нь хуваалцахаар Дорноговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Эрдэнэболдын Энхжаргалтай уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэе.  

Юуны өмнө Дорноговь аймгийн Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Баярлалаа

Танай аймгийн залуучуудын холбоо ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж, олон ажил амжуулж байх шиг байна?

Дорноговь аймгийн залуучуудын холбоо чамлахааргүй ололт амжилттай ажиллалаа. Бид ойн хүрээнд залуучуудын байгууллагын үе үеийн  ахмадуудынхаа уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтаар ахмадуудынхаа үнэтэй үгийг сонсох, сайхан дурсамжийг сэргээх, цаашдын үйл ажиллагаанд санаа сэдэл авах зорилготой юм.

95 жилийн ойн хүрээнд “Гүзээгүй монгол” хөдөлгөөн өрнүүлж, “Бид Дорноговьдоо хайртай” бүтээн байгуулалтын аяныг зарлаад байна. Ер нь хүүхэд залуучуудын дунд түгээмэл дутагдал бол нийтийн эзэмшлийн зам талбайг хайрлаж хамгаалдаггүй хандлага байдаг. Тиймээс “ Бид Дорноговьдоо хайртай” гэдэг уриаг дэвшүүлж “ Бид Дорноговьдоо хайртай” хэмээх гэрэлт үсэгтэй хөшөө цогцолбор босгохоор зураг төслөө хийгээд байна.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн салбарыг орон нутагтаа байгуулахаар боллоо. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтарч  ажилгүй залуусыг бүртгэх, сургах, ажлын байранд зуучлах  төлөвлөгөөтэй байна.

Бид ойн баярын үеэрээ  баярын хурал, хүндэтгэлийн  тоглолт, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Залуучуудын байгууллагын ахмадуудтайгаа уулзалт зохион байгуулж байгаа юм байна.  Хуучнаар  эвлэлийн  байгууллагын хичнээн ахмадууд  оролцож байна вэ? 

Бид энэ тоог үе үеэр нь гаргасан. Бидний тооцсоноор ирэх боломжтой нийт 200 гаруй ахмадууд байна. Энэ хүмүүсийнхээ талаар мэдээлэл олж урилга хүргүүлэх, ойн баяртаа оролцуулах тал дээр анхаарсан. Мөн 5 жилийн дараа 100 жилийн ой болно. Тиймээс энэ ажлыг өнөөдрийн уулзалтуудаар ярьж бэлтгэл ажил хангах алсын зорилго бас байгаа.

Ойн хүрээнд зохион байгуулж буй ”Гүзээгүй Монгол” хөдөлгөөн их анхаарал татлаа. Залуучууд яаж хүлээн авч, хэрхэн оролцож байна вэ?  

”Гүзээгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар зарласан. Нийт залуучууддаа цаашлаад Монголчууддаа амьдралын эрүүл зөв дадлыг хэвшүүлэх уриалга дэвшүүлж байгаа хэрэг. Ер нь “Гүзээгүй Монгол” гэхээр эхэндээ жаахан гайхсан байдалтай, таагүй хүлээж авсан. Гэхдээ одоо бол гүзээтэй хэсэг нь санаа зовж эхэлж байна. Мөн ихэнхи залуучууд гүзээгүй илүүдэл жингүй болох ёстой юм байна гэж ярьж байгаа.  Энэ ажил маань багагүй үр дүнд хүрэх болов уу.

Энэ хөдөлгөөн зөвхөн 95 жилийн ойн хүрээнд хийгдээд өнгөрөх биш цаашдаа үргэлжлэх үү?

Мэдээж хугацаа заагаагүй. 95 жилийн ойгоор зарлаж,  бусад байгууллагууд илүү нарийвчилж, дэд хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр сайн үр дүн гарах байх.

Та Дорноговь аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаан дахь ололт амжилтууд юу байв?

Бидний хувьд  хийх ёстой ажлаа л хийж хэрэгжүүлдэг. Нийгэмд чиглэсэн олон ажлууд зохион байгуулсан нь залуучуудын амьдралд эерэг үр дүнг авчирсан. Нутаг орны залуучуудад амьдралд нь ажилд нь ахиц гарч байвал бидний зорилго биелэх нь тэр. Үр дүн үзүүлэлтийн хувьд  2014, 2015 онуудад манай холбоо  2 жил дараалан МЗХ-ны “Шилдэг холбоо”-оор шалгарсан. Энэ нь бид бүхний манай багийн залуучуудын хийсэн ажлыг төв байгууллагаас болоод нутаг орны залуучууд маань үнэлж дүгнэж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байна.

Мөн зөвхөн бидний амжилт гэхээсээ илүү 95 жилийн түүхэнд энэ байгууллагын ажлыг хариуцаж нуруундаа үүрч явсан , үүргээ биелүүлж байсан бүх хүмүүсийн  ажлын үр дүнгийн нийлбэр гэж хэлмээр байна.

Дорноговь аймгийн Залуучуудын холбооны 2015 оны томоохон зорилтын нэг нь  залуу гэр бүлийн асуудал, тэдэн рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх байсан.  Энэ хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

Тухайн үед судалгаа хийгээд, статистик тоо харж байхад нийт хүн амын 70 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан байсан. Залуучуудын байгууллагын насны хязгаарлалт 16-39 . 40 хүртэлх насныхан 70% байна гэдэг бол нийт хүн амын 2/3-аас илүү хувь. Энэ бүлгийнхэнд залуу гэр бүл, оюутан сурагч, цэцэрлэгийн багачууд бүгд орж байна. Тийм учраас гэр бүлийн хөгжил буюу гэр бүлийн доторх харилцаа Монгол Улсын хөгжилд нөлөөлж байна хэмээн үзэж тэдэн рүү чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.  Тухайлбал, “Аз жаргалтай гэр бүлийн төлөө” өдөрлөг, лекц зохион байгуулсан. Гэр бүл аз жаргалтай, бат бөх байх талаар хийгдсэн эдгээр ажлууд маань үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

Та бол орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залуучуудын төлөөлөл. Ер нь орон нутагт амьдарч байгаа залуучуудад маань ямар асуудлууд тулгарч байна вэ? 

Харж байхад орон нутаг ч гэлтгүй улс орон даяар намчирхах үзэл газар авсан.  Залуучуудыг ажлаас нь хоморголон халах байдал гаарч байна.  Үүнтэй холбоотой ажилгүйдэл ихэсч байна. Тиймээс залуучуудыг эхний ээлжинд ажилтай болгох нь чухал.  Ажилтай хүн алзахгүй, орлогоо хуримтлуулаад  байртай ч болж болно.  Ажилтай болгож байж хөгжлийн асуудал яригдана.  Тиймээс л  Хөдөлмөрийн бирж байгуулан ажилгүйдлийг бууруулах, мэргэжилтэй, ажилтай залуучуудтай болгох гээд байгаа юм. Байнгын ажлын байр хангалттай олныг бий болгож чадахгүй юмаа  гэхэд цагийн ажилд зуучилдаг болох нь бидний 2017 оны ажлын эхний гол зорилго юм.

Сүүлийн үед залуучууд хот суурин газар руу хошуурах болж. Ер нь орон нутагтаа ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Хот суурин газарруу төвлөрч байгаа гол шалтгаан нь ажлын байр, зах зээлтэй л холбоотой. Зах зээлийн багтаамж, ажлын байрны тоо хэмжээ  гээд асуудал үүнд л байдаг болов уу.  Ер нь орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах таатай орчинг бүтээж байж төвлөрлийн хүндрэлтэй асуудал шийдэгдэх байх. Гэхдээ заавал хүндрэл, асуудал яриад байлгүй  боломжийг олж харах ёстой.

 Орон нутагт залуучуудын оролцоо ямар түвшинд байна вэ? Нэг үеэ бодвол идэвх сайжирсан харагддаг.   

Оролцоог хоёр талтай ойлгож болно. Нэг хэсэг нь үнэхээр завгүй урдах ажлаа л хийдэг. Нийгэмийн ажилд  идэвхтэй  оролцож амждаггүй. Нөгөө нь идэвхтэй санаачилгатай , өөрийгөө хөгжүүлж сайхан амьдарнаа гэсэн хэсэг бий. Нийт хандлагыг нь харвал оролцоо сайжирч байна. Гэхдээ тийм ч өндөр түвшинд хүрэх арай болоогүй.

Анх залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдоод ажиллаж эхлэхэд өөрсдийнхөө үүрэг, оролцоог залуучууд маань төдийлөн ойлгодоггүй санагдаж байсан. Мөн 1990 оноос өмнөх ба хойших  залуучууд эрс ялгаатай байлаа.  Бид ажлаа аваад шууд нийгэмд чиглэсэн ажил хийгээд жишээлбэл “архинаас татгалзья, архигүй нийгмийг бий болгоё” гээд л эхлэх юм бол хэн ч хүлээж авахгүй.   Тиймээс залуучуудын байгууллагаа улам илүү хүрээлэлтэй болгож,  төрөл бүрийн сургалт,  спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Энэ  үйл ажиллагаа 4, 5 жил тогтвортой үргэлжилж байж  залуус маань идэвхтэй оролцоотой болж байна.  Харин одоо энэ итгэл, оролцоон дээр тулгуурлаж нийгэм рүү чиглэсэн томоохон ажлуудаа илүү өргөжүүлэх хэрэгтэй болж байна.

Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Нийт залуучууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Дорноговь аймгийн залуучуудын байгууллага өдгөө 95 жилийн түүхтэй болж байна. Ер нь залуучуудын байгууллага 1921-2016 он хүртэл Монголын нийгэмд болсон томоохон өөрчлөлт бүрт түүчээлж, сайн сайхан үр дүнг авч ирсэн. Өнөөдрийн хүрсэн амжилт болгон үе үеийн залуучуудтай холбоотой. Монголын Залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийнхэндээ,  залуучууддаа 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан Ч. Гантуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх