Богд хааны ордон музейгээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “БОГД ХААН: АМЬДРАЛ, ӨВ” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр Богд хааны ордон музейн хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Уг эрдэм шинжилгээний хурал нь Богд хааны намтар түүх, улс төрийн амьдрал гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв Богд хаант Монгол улсын нийгэм, шашин соёл, Богд хааны ордон музейн түүх, холбогдох үзмэрийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх судлан сурталчлах зорилготой аж.
Тус хуралд Шинжлэх ухааны гавьяат ажилтан Академич Ж.Болдбаатар,Монгол улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор З.Лонжид, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун, тус хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор, профессор Г.Мягмарсамбуу тус салбарын эрдэмтэн доктор, профессор Б.Пунсалдулам, доктор Д.Эрдэнэбат, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш доктор, профессор Л.Алтанзаяа, доктор, профессор Ч.Болдбаатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн доктор Б.Буяндэлгэр болон докторант Л.Одзаяа, Г.Идэрмаа, Ж.Мяндас, Буддын гүн ухааны магистр Ч.Хатанбаатар түүхийн магистр А.Ган-Эрдэнэ, Ч.Батдорж, Г.Очбаяр нар оролцож Богд хааны амьдрал, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Богд хааны ордон музейн тухай сүүлийн үеийн шинэ сонин судалгааны ажлаасаа толилуулав.
VIII Богд Жавзандамба гэж хэн байв?
VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсанбуу 1869 онд Төвдийн далай ламын сангийн түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлжээ.
Түүнийг 5 настайд нь 1874 онд Монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтад өргөмжлөв. Тэрбээр төвд, монгол бичгээс гадна шашны гүн ухаан, зан үйлд шамдан суралцаж зэгсэн сайн боловсрол эзэмшжээ.
Богд төрөлхийн мэргэн ухаантай, чин шударгуу зүтгэлтэй тул бага залуу наснаасаа Монголчуудын итгэл хүндлэлийг хүлээж байжээ. Мөн соёл боловсролыг хөхүүлэн дэмжихийн зэрэгцээ шинжлэх ухааны дэвшилтэт техник технологийн шинэ бүтээлүүдийг илтэд сонирхон таашаадаг дэвшилтэт үзэлтэй хүн байв. Богд бусдыг өөртөө татах онцгой авьяас билигтэй хүн байсан ба энэ шинж байдал, түүхэн цаг үеийн тохиолоор урьд урьдны дүрүүдээсээ ихээхэн өвөрмөц намтартай хүн юм.
1893 онд VIII Богд Жавзандамба 25 нас сүүдэр зооглохын үест түүнд зориулсан томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж Богдын Ногоон ордон, Өвлийн ордон баригдсаны сацуу Хайстайн лаврин хэмээх зуны ордонг Хайлаастайн амнаас нүүлгэн Туул голын савд төвлөрүүлэн өргөтгөсөн юм. Энэ үест Ногоон ордны дотор Богдын номын сан, мөн ордны зэргэлдээ Норовлин сүм хэмээх амьтны хүрээлэнг байгуулсан явдал нь соёл гэгээрлийн томоохон дэвшилт байлаа. 1908 онд VIII Богд Жавзандамба гавжийн дамжаа барив. Мөн тэрбээр гагц хатан буулгасан Богд бөгөөд Сэцэн хан аймгийн Хөвийн Жонон вангийн хошууны харьяат Цэндийн Дондогдуламыг Цагаан дара өргөмжлөн 1902 онд ордонд авчирсан байна. Улмаар ХХ зууны эхний жилүүдэд Монголчуудын үндэсний үзэл сэргэж, хувьсгал гарах түүхэн нөхцөл байдал бодьтойгоор бүрэлдэн бий болж байлаа.
VIII Богд Жавзандамба хутагт бол Ар, Өвөр Монгол хийгээд бусад монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байсан ба Монголын эрх чөлөөний хувьсгалыг санаачлагчид түүнийг хүрээлэн нягтарч эхэлсэн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зүтгэлтнүүд Монголын олонхи хэсгийг нэгтгэсэн бүрэн тусгаар тогтносон нэгдмэл Монгол улсыг сэргээн байгуулахын төлөө тууштай тэмцэж, VIII Богд Жавзандамба хутагт тэдгээр олон монголчуудын үйл хэргийг сайшаан дэмжиж байлаа.
Богд 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хаанаар, Хатан Дондогдулам нь Улсын эх дагинад тус тус өргөмжлөгдсөн юм. Мөн сацуу Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Богдын төвийн шар ордны хүрээн дотор төрийн ордонг байгуулснаар уг ордныг Төрийн шар ордон хэмээж, төр, шашны үйл хэргийг хослуулан өрнүүлж байв.

1921 онд хувьсгал ялж, ардын засаг байгуулагдсаны дараа Богд хаан Монгол улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 1924 онд жанч халах хүртлээ теократ засаглалыг тэргүүлж асан Монголын хамгийн сүүлчийн эзэн хаан байв.
Богд хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг сүүлийн үед илүү бодьтой өнцгөөс харж үнэлдэг боллоо.Монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Дээрхийн цахьсан гал өнөөдөр улам дүрэлзэн байдармуй. Богд хаан бол тухайн үеийн Монголын их соён гэгээрүүлэгч юм.
Богд хааны үлдээсэн их өв дээр тулгуурлан Монголын түүх, соёл, шинжлэх ухааны олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь Монгол улсын ууган музейн нэг Богд хааны ордон музей юм.
Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй. Музейг шинэтгэн байгуулах ажил 1926 оны сүүлчээр дууссан бөгөөд тухайн цаг үеийн түвшинд музей байгуулалтын хувьд дэвшилттэй үйл явдал болжээ.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
