Ардчиллын өдрийг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, МАН-ын УЗ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Ганбаяр, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Сан хөрөнгийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын УЗ-ын ажлын алба, нийслэл дүүргийн намын хороод болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн ах дүүс оролцлоо.
МАН-аас Монгол улсыг ардчилал, эрх чөлөөний замд тайван замаар шилжүүлж өгсөн түүнийг гавьяаг хүндэтгэн жил бүрийн 12 сарын 10-ны өдөр Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөхөөс гадна төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 10-нд хүндэтгэл үзүүлж дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай.
1989 оны 12 сарын 10-ны өдөр Монгол оронд ардчиллын анхны цуглаан болж байсан бөгөөд жил бүр ардчиллын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол оронд ардчилал “огтоны хамраас ч цус гаргалгүй” тогтоход тухайн үеийн АИХ-ын дарга буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ж.Батмөнхийн зөв шийдвэр маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


