Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа өнөөдөр эхлүүллээ. БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийг эхлүүлж буй нь энэ. Энэхүү төсөл нь дэвшилттэй, хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшүүлэх, хаягдал дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг шатаадаг, хог хаягдлаа ил задгай хаядаг буруу хэвшил, дадал хандлагыг өөрчлөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулахад иргэний шууд оролцоог дэмжиж хөгжүүлэх зэрэг эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ-наас “Агаарын бохирдлыг бууруулахад – Иргэн таны оролцоо” аяныг нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд бид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг дэмжсэн зарим ажлыг хийж байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор “Утаа бууруулах техник, технологийн үзэсгэлэн”-г энэ сарын 9-10-нд зохион байгуулсан. Утаатай тэмцэх дадал хэвшлийг хэвшүүлэх сурталчилгааны ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж байна.
Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Цаашдаа нийслэлийн гурван дүүрэгт утааг бууруулах техник технологийн үзэсгэлэнг дахин зохион байгуулна. Төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь иргэдэд бий. Тиймээс төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор бид утаанаасаа салж чадна” хэмээв.
МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ “Агаарын бохирдлыг бууруулахад олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.Иргэн хүн агаарын бохирдлыг бууруулахад миний хийх үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ухамсарлаж чадсанаар бид хамтдаа утаагаа бууруулж чадна. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажил өөр өөр арга хэлбэрээр явна. Энэ удаагийн хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь иргэд агаарын бохирдлыг бууруулахад юу хийх вэ, бидний үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ойлгуулах, сурталчлахад голлож ажиллана” гэлээ.
Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах юм. Мөн зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ. Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагч нарт байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм. ҮАБЗ-ийн зөвлөлийн энэ сарын 10-ны өдрийн 03/03 тоот Зөвлөмжөөр нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж төрийн байгууллагууд онцгой байдлын горимоор, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэд орчны бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцож хамтран ажиллахыг үүрэг болгосон.
Зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулж, ажлын явцаа 7 хоног бүр танилцуулж ажиллаж байна. Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.



Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
