Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Тэрбээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэллээ.
Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ.
“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв.

Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт.
Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Анх 120 салбар нэгжтэй байсан онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
АХЛАХ АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардууллаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 3,400 орчим удаагийн дуудлагад ажиллаж, 2,056 хүний амь нас, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тэрбээр 2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр 16 улсын 3,000 гаруй алба хаагчийн дунд зохиосон 10 км гүйлтийн аварга, улмаар Монгол Улсын батальоны шилдэг ахлагч болж байжээ.
Д.Тэмүүжин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиодог “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д гурван удаа мөнгөн медаль хүртсэн.
2002 оноос улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, 2018 онд гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер болжээ.



Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
