Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Монголбанк, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын төлөөлөл болсон 1,300 орчим хүн оролцлоо.
Ерөнхийлөгч, төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэгч, улсын Эрдэнэсийн санг сахин хамгаалж буй Монголбанк болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн.
Энэ бүхэн нь Төв банк болон арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлттай салшгүй холбоотойг тэмдэглэлээ.
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн итгэлийг алдахгүй байх, түргэн шуурхай үйлчлэхийн төлөө хичээн ажиллахыг захилаа.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Төв банкны хараат бус байдал, эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө бодлогын дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгчид Монголбанкны удирдлага талархал илэрхийллээ.
Гадаад, дотоод орчны сорилттой тулгарч байгаа ч үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, багагүй амжилтад хүрснийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.
Тухайлбал нэгдүгээр улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9 хувьд хүрч, экспорт 60 гаруй хувиар өсөн, гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрсэн инфляц Төв банкны бодлогын дүнд тогтворжиж байна.
Арилжааны банкууд санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлж, чанаргүй зээлийн хэмжээг бага түвшинд байлгасан нь энэ бүхэнд чухал хувь нэмэр оруулжээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хамгийн том дэмжигч, түнш нь банк, санхүүгийн салбарынхан юм.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, газар тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосны дүнд сүүлийн гурван жил хүрэхгүй хугацаанд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэдэг боллоо.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд 158 аж ахуйн нэгжид 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт гэхэд л 330 сая ам.долларт хүрээд байна.
Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгдлээ.
Банкны салбарынхан 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулах амлалт авч, одоогоор 1,400 га талбайд 3.4 сая мод тарьж, ургуулаад байна.
Монголбанк хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх, улсын Зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр эрх зүйн шинэчлэл хийж байна.
Үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хяналт шалгалтыг автоматжуулах технологи нэвтрүүлж, нийт орон тоог 19 хувиар цомхотгосон.
Цаашид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, иргэдийн амьдралын чанарыг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх “Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө” хэрэгжүүлж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Монголбанкны ахмад ажилтан Пэрэнлэйн Дамдин, Монголын ногоон санхүүгийн корпорацын гүйцэтгэх захирал Магваны Болдоо, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Оригийн Банзрагч нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
















Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
