Ижий манхан /өгүүллэг/

2016 оны 11-р сарын 11 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Ижий манхан” өгүүллэгийг уншигч танд хүргэж байна. 
– Сувилуулах хугацаа дуусч байна. Дэглэм сайн барина шүү гэхэд Ооноо бүсгүй толгой дохиод говийн наранд түлэгдэж борлосон туяхан шилбээ гялалзуулан гарч одлоо. Миний дэргэд сувилуулсан тухай тодорхойлолтоо хийлгэхээр сууж байсан Чимгээ яагаад ч юм тэнгэр ниргэх шиг уртаар санаа алдсанаа
– Хэдэн жилийн тэртээ анх надтай танилцахдаа энэ Ооноо чинь тун хариугүй, хүний гарт орсон амьтан манай платанд \өрөөнд\ ирж хэвтэж билээ. Эмч нар тэвдэж, сандралдаад л.. тэр үеийг нь одоо бодохоор амьсгал давчдаж зүрх дэлсэх шиг болдог юм. Ооноогийн тулам болсон их хаван , зурсан юм шиг дугуй цагаан царай, хагарч язарсан хэвлий гэдэсний арьс нь болжмор дэрхийх шиг бодолд өдлөн өнөөдөр юм шиг санагдана. Ооноогийн тийм хүнд өвчтэй хэрнээ цовоо сэргэлэн, өөртөө итгэлтэй бас элгэмсэг байдлыг нь аньсага цавчилгүй хараад л баймаар байдагсан.
– Одоо очоод ажилдаа орно. Охин маань ч том боллоо гээд л бөөн баяр болж байна лээ.
– Тэр л нэг үүлэн сүүдэр шиг явдал аль хэдийн амьдралын салхинд элэгдэн одсон ч нэхэн дурсахад сэтгэлийн гүнд хоноглосон дурдатгалын хуудас шарлаж ганддаггүй бололтой. Анхныхаа үрээ алдан байж л сая нэг амьд үлдсэндээ гэж бодогдоно.
– Хүүхэд байхад зарим өглөө босоход аньсага, зовхи нь сэлхрэн жаахан л ядарвал, сав л хийвэл архаг хууч нь сэдрэх гээд олигтой ч юм идэж ууж, даарч хөрч болохгүй хатуу дэглэмийг Ооноо бүсгүй сахина. Ойрын хэдэн жилдээ ямар нэг зовиур мэдэгдэхгүй эрүүл саруул сайхан байсан билээ.
– Харин эмч маань өвчин бүрэн илааршаагүй шүү. Бас нэг хоёр жилдээ хүүхэд төрүүлэх асуудлаа хойшлуулах хэрэгтэй гэсэн билээ. Энэ бүхнийг нөхөр Лутаа нь ч бүрэн ойлгодог юм. Ойрноос хайлсан тугалга шиг хадам эхийн ааш аяг нэг л өөр болж сав л хийвэл үгэн дундаа үг хавчуулан хар хур хийх болж, хүүхэд гаргаж болохгүй гэчихээд л суугаад байдаг. Яиний юу чинь тэгж өвдөж тасарч уначих гээд байгаа юм. Гаднаас харахад махтай шөлтэй, надаас л эрүүл хүн гунхаад байх юм. Эмч тэгсэн эмнэлэг ингэж байна гээд л байдаг. Чамд өөрийн гэсэн бодол ухаан байна уу. Тэр эмч эмнэлэг хоёр чинь чиний төрөх, эс төрөхөд заавал оролцох ёстой юмуу. Дургүй хүчгүй гэдэг энэ байхгүй юу. Манайд хүүхэд төрүүлдэг бэр л хэрэгтэй байна. Энэ Сүрэн тайжийн үр удам тасрах учиргүй гэлээ.
– Ооноо өөрийгөө өмөөрсөнгүй, хадам эхээ ч буруутгаагүй билээ. Хадам эхийн “Манайд хүүхэд төрүүлдэг бэр л хэрэгтэй байна” гэх үг байн байн чихэнд нь хангинаж хадмын суудал, хортой алим хоёр хажууд нь юу ч биш санагдана.
– Энэ яриа ойрноос улам бүр лавширч эр эмээрээ дуудуулж үр удам таслах дээрээ тулав. Цэл залуу насандаа жаргал амсаж амжилгүй ингэж сэтгэлийн дарамтанд орж халуун дулаан, гэрэл гэгээтэй бүхнээ хаа хамаагүй газар хаяж, ажлын их ачааллын хажуугаар сэтгэлийн хүнд шархыг эдгээж илааршуулах гэдэг хэрээс хэтэрсэн ажил ажээ.
– Хожмын өдөр, хойчийн маргааш ийм л нэг амьдралтай учирна чинээ бодсонгүй. Ооноо хувь тавилан, зураг төөрөг нь ийм л байх юм ёстой юм шиг өөртэйгөө эвлэрэн яадаг ч байсан би эмэгтэй хүн, эх гэдгээ үзүүлж хүүхэд төрүүлэх хэрэгтэй гэж шийдлээ. Хүсэхэд хясна гэгчээр хүний үр гэдэг хүссэнээр заяадаггүй бололтой. Хүүхэд төрүүлж өгнө гэсээр бүтэн жил өнгөрөв. Сүүлдээ бүр эргэлзэж эхлэв. Элдэв үг яриа ч үүднээс хойморт хүрч санаа сэтгэл зовооно.
– Зарим өглөө ходоод нь хорсож хар шүлс асгарч дотор нь муухайрна. Бэр бөөлжөөд нэг л биш ээ. Хөөе өвгөөн гэж ирээд л хадам ээж нь эхэндээ хошуу дэвсэнэ. Ямар юм нь жирэмсэн болох орой нь зүгээр болчихно. Хадам сүүлдээ уурсаж хоол ундаа тааруулахад яана аа гээд л шүрүүн дуугарна.
– Хадам ээжийн үр ачаа үнэрлэж, нялх үр тэврэх хувьгүй, заяа муутай амьтан юм аа би чинь гээд л хараагаад байгаа нь ч бүү мэд, ерөөгөөд байгаа нь ч бүү мэд мөнөөх үг нь орой руу нь орох шиг болно. Ойрноос ходоод орчмоор өвдөж, огиж бөөлждөг шинж нь улам бүр нэмэгдэж, хоолонд холихоор авсан өргөст хэмхийг саваар нь барьж байгаад идчихмээр бүр давс долоож, шохой ч идмээр юм шиг арай нэг өөр, бүр ад мөрийн гэхээр шинж нэмэгдэв. Тэгээд эмнэлэгт үзүүллээ.
– Ооноо эгчээ. Та жирэмсэн болсон байна гэх нь тэр. Эмчийнхээ үгэнд эхлээд итгэсэнгүй. Тэр шөнөдөө нойргүй хонов. Нэг л зүүд юм шиг бодогдоод л… Нөгөө ходоод нь л биз. Үгүй байх аа. Эмч надад худал хэлэх ёсгүй. Тэгснээ Лутаа… бид хоёр үртэй боллоо. Би чинь эх хүн боллоо гээд л чангаас чанга хашгирмаар санагдана.
– Гадаа нилээд орой болжээ. Утаан баатар гээд байдаг Улаанбаатар маань өнөөдөр бүртийх ч үүлгүй байгаа бололтой одод анивчин, их хотын хөдөлгөөн намдаж, хаа нэгтэй хурдтай яваа машины моторын дуу алгуурхан сонсогдож эхэлсэнээ юу юухы туханд хүрэлгүй хажууд ирээд, дуу нь нэг өндөрсөөд, тэгснээ намсан намссаар чимээ тасарна.
– Анх энэ айлд орж ирэхэд таван өрөө бүхий тансаг өргөө нь хуучин ч гэсэн ис утаанд баригдаж, ундуй сундуй болоогүй цуулбар уньтай, нүүж суухад хөнгөн шингэн дөрвөн ханаттайгаа харьцуулахад хол зөрөөтэй ч өсөж өндийсөн эсгий гэр нь сэтгэлд дотно санагдаад орон сууцанд нэг л дасаж өгөхгүй байсан санагдана. Хүүхэд байхда бушуухан шиг том болж Гандиймаа эгч шиг нуруу туруу тэгш, өндөр гоолиг бүсгүй болж хүнтэй сууж хүүхэд гаргах минь гэж бодохоос өмсөж зүүдэг өнөөх хэдэн цамцнаас нь өлгөөд гармаар юм олдохоо больдогсон. Аав ээж хоёрын цаад Гандий чинь нас бие гүйцлээ. Хүүхэд шиг таарсныг нь авч дөхүүлж болохгүй. Одоогийн оюутнууд чинь цагаа дагаад өөр болсон гэх яриаг чих тавин сонсож байснаа яахин мартах билээ.
– Ооноо, Лутаа хоёр бүр багаасаа бие биенээ танихгүй ч үй зайгүй үерхэж хайр сэтгэлийн холбоо тогтоон дотно танилцсанаас хойш таван жил өнгөрчээ. Хот хөдөө төрж өссөн хоёр – за энэ ч дээ гэсэн харцаар бие биенээ харж жаахан сууснаа харц мөргөлдөж байснаа одоо ч гэсэн мартахын аргагүй. Залуу насны дэвэргэн бодлоосоо болоод сэтгэл чулуудан, заримд нь болгоомжгүй үг хэлж хашааны хаалгыг нь манаж өглөө үдэшгүй хоргоосон нэгэнд би зөвшөөрөхгүй гэсэн эрсхэн үг хэлж эс ойлгоход нь тас зөрсөөр энэ Лутааг сонгосон билээ.
– Бүсгүй хүн хайртай дуртай гэсэн болгоныг хамж болдоггүй билээ. Хэн нэгэнд хар буруу санаж атаа, жөтөөг ханцуйлж яваагүйг тэнгэр мэднэ. Жирэмсэн болсноос хойш эхний үедээ өглөөд огиж хар шүлсээ гоожуулан өдөр хоногийг өнгөрөөж байсан ч долоон булчирхайгаа хэнд ч тоочилгүй шүд зуун элдэв саад бэрхшээл, хэл амыг сайн, сайхан бодлоор хулдан явсаар нэг мэдэхэд хэвлийд байгаа хөөрхөн үр нь хөдөлж эхлэв. Мөнөөх зовиур шаналгаа нь багасаж бүр овоо байснаа чухам ямар тахил нь буруу эргэснийг сайн мэдсэнгүй. Гэв гэнэт хаанаас гараад ирэв гэхээр хаван тулж цусны даралт дээд цэгтээ хүрч, толгой хүзүүнээс нь чулуу дүүжэлсэн юм шиг даагдахааболин эмнэлэгт хүргэгдэв.
– … цааш юу болсныг бүү мэд. Нэг сэрвэл амны хаалттай эмэгтэй Ооноо? Ооноо сэрээрэй. Бөөрний өвчин чинь сэдэрч жирэмсний хордлоготой хавсарч мэс заслын эмчилгээ хийхээс аргагүй байлаа. Хагалгаа амжилттай боллоо. Одоо гайгүй ээ. Нүдээ хараарай, сэрээрэй, сэрээрэй гээд л хацар дээр нь зөөлөн алгадаж байна.
– Хэвлий гэдсээр ньхүйт даан хөндүүрлэж байгаа гэдэг нь жигтэйхэн. Хүний яриад байгааг мэдээд байгаа мөртөө хариу хэлж болохгүй байв. Хүмүүсийн хоорондоо ярилцахыг сонсвол мөнөөх эрлэгийн элч гээч нь ирж ээрч хоргоосноос зайлахгүй. Тархи толгойд янз янзын эрээн бараан бодол эргэлдэж байснаа тас хар үстэй, том данхар толгойтой, хуруугаа хөхсөн нялх хүү усан дотор хөвсөөр хажууд нь ирээд хоёр гараа сарвалзуулан өмнөөс нь дэрвэж уруул амаа өмөлзүүлэн
– Ээжээ би таныг мартаж чадахгүй нь. Тантай уулзахаар буцаад ирлээ. Би таныхаа бие сэтгэлийг хоёрдуулж өвчин эмгэгийг чинь сэдрээчихлээ. Бас таныг их өрөвдөх юм даа гэснээ мөндөр шиг нулимас унагасаар алгуурхан бүдгэрэн бүдгэрсээр алга болов. Нүдээ алгуурхан нээж ойр орчноо нэгжих гэсэн боловч бас л сайн болж өгсөнгүй. Бүх юм бүдэг бадаг, зүүд зэрэглээ мэт.
– Миний хүү битгий уйл даа. Уйллаа гээд ээждээ эргээд ирэх биш дээ. Ээж нь нас залуу байна. Бурхан өршөөж бидхоёр дахиад заавал уулзана.
– Дахиад л Ооноо , Ооноо сэрээрэй, сэрээрэй, одоо нүдээ сайн хараарай. Одоо санаа зовох зүйлгүй сайхан болсон. Одоо тасаг руу шилжинэ гэх сувилагч бүсгүйн хэлэх нь түрүүчийнхээс тод сонсогдоно. Тэгээд түрдэг орон дээр хэвтүүлээд тасаг руу аваад явав. Нүдээ алгуурхан нээж сайн ажиглавал тасагт шилжсэн бололтой хажууд ариутгасан самбай, эм тариа тавьсан төмөр шүүгээ харагдана. Мэдээ алдуулсан эмийн үйлчлэл гарч Ооноо бүсгүйн ухаан санаа нь өмнөхөөсөө ч бүр саруулхан болсон мэт үйл явдлыг цаг нартай ньтод санана. Орой болж байгаа бололтой цонхоор ташуу тусах нарны туяа газар хэсэн мөлхсөөр юу юугүй жаргах дөхжээ. Үхэл, амьдралын хооронд үдлээд буцах шиг хүний амьдрал юутай богинохон билээ.
– Дөнгөн данган дээлээ даах төдий болж, цэцэг цэврүү шиг насан дээрээ хайртай хүндээ худлаа хэлэх шиг хэцүү зүйл өөр юу байх билээ. Намайг бас чамайг өвчсөн хоёр биений минь тасархай хонгор сайхан үртэй болно. Чамдаа би төрүүлж өгөе. Би чадна гээд л энэ жилдээ хүүхэд төрүүлж хэрэггүй шүү, нэг жилдээ эмчилгээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн эмчийнхээ хэлснийг үл огоорон янз янзын л шалтгаан бодогдож, бас хадам ээждээ би чинь эмэгтэй хүн шүү, эх хүн шүү, хүүхэд төрүүлж чадна шүү гэдгээ нотолно гэж санаа шулуудсан нь талаар болж, иөнөөх бараан бодлоосоо салж чадсангүй.
– Өрөөнд таг чиг. Мөнөөх чийдэнгийн хоёр гэрэл хүч муутайхан дээрээс ёлтойно. Ооноо , Лутаа хоёр оонын эвэр шиг хамтдаа байж, энгэр цээжээ налан эрхэлж, хүүхдээ ингэж өсгөнө, биингэнэ, чи тэг гэж ирээд л зав гарвал ярилцаж бас маргаж, өдөр шөнө өглөө үдэшгүй хүлээлээ. Мөнөөх үр нь бүтэн дөрвөн жил хүлээлгэсний эцэст нэг л өдөр хүрч ирээд зүрхэн дундуур нь дайраад буцаад явчихав.
– Хагалгааны шарх нь ялигүй хөдлөхийг андахгүй татагдан час час хийхээс өөр зовиургүй боловч бие нь нэг л сул, хажууд нь шингэн болгоныг зохицуулж бас гадагшлуулж байдаг бөөр давсаг нь байхгүй юм шиг цаг үргэлж шээх нь гачлантай. Ингэж шээснмй хүчинд дөрвөн мөч нь үеэрээ нугардаг болж, дарахад хурууны ором тэр янзаараа үлддэг байсан их хаван арилж, өдөр ирэх бүр бие хөнгөрнө.
– Томоогүй багын гэнэн зангаар үртэй болсон гэж хөөрхөн хүүтэй болно, үгүй охинтой болно. Гарын үзүүрт хөдөлж чи бид хоёрт тусад амархан ороход охин нь дээр шүү дээ. Одоо хөдөлчихсөн юм чинь юу удахав дээ гэцгээж өглөө бүр дарж үздэг байсан гэдэс хэвлийд нь томоо гэгчийн самбай тэмтрэгдэж, мэс заслын шарх нь хөндүүрлэнэ. Өнөөх үр минь гээд үнсэж байсан, өдөр хоногоор томорч байсан гэдэс хэвлий нь оёотой шарх болж үлдсэн гэхэд нэг л итгэмээргүй. Бодох бүр бие сэтгэлийг нь улам хямруулж сэтгэлийн шархыг нь сэдрээнэ. Ид гэхээр тамшаалж, уу гэхээр ундууцаж, огтын хүртээлгүй зүйлийг ч өөр дээрээ татан бухимдах нь бүр хачирхмаар.
– Тэр нэгэн хяруу унаж, навч шарласан бүүдгэр өглөөзовхио дааж ядан босоход хэлсэн үг, харсан харцанд нь жавар тунаж, хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовохсон гэх бодол Ооноод төрсөн. Гэвч эр хар сурнаас ч бөх уяатай болсон болохоор Лутаагаа орхиж үл чадна.
– Ооноо орноосоо босох гэсэн боловч хагалгааны шарх нь таталдан өвдөж бүр цаашаа голыг нь гогодоод гаргаад ирэх шиг хүчтэй өвдөлт өгөв. Хүлж багласан боолтон дээр алгаараа аяархан дарж, биеэ бага зэрэг хөдөлгөн нөгөө тийшээ эргэн хэвтрээ солив. Өрөөнд саяхан хийсэн ариутгалын бодисын үнэр хамар цоргин сэнгэнэж, нээлттэй салхивчаар үлээх салхины үзүүрт туугдан, дөнгөж нээгдэж буй зовхи сормуус эрвэгнүүлнэ.
– Биеийн байдал хором хормоор сайжирч эмнэлэгээс гарав. Олон янзын ааш гаргаж худал хуурмаг загналаа хэмээн хардаж элдэв янзаар хэлсэн хадам эх нь өнөөдөр л нэг юм үнэмшиж, хийсэн зүйл хэлсэн үгнээсээ ичих шиг болж. Хүний амьдралын ээдрээтэй учгыг тайлж, учрыг ойлгож эхэлсэн нь дэндүү оройтсон ухаарал болохыг ойлгож авлаа. Ооноо гэртээ гарч хэд хоноод хагалгааны шарх нь эдгэрэн саяны хийсэн эмчилгээний дүнд бие нь эрс сайжирч шинжилгээний ү
– зүүлэлтүүд хэвийн болж ирлээ.Хяналтын эмч нь зургаан сарын дараа элсэн сувилалд яв гэж зөвлөжээ. Бас л гурван жил явна, тэгээд төрөх асуудлаа шийд гэв.
– Байдлыг ойлгосон хадам ээж нь хормой хотоо дэвсэж, аль байдгаа алган дээр минь тавьж “миний дугуй цагаан охин” гэж хошуу цорвойно. Орж гарсан хүн болгонд –ээ бурхан багш минь ээ Ингээд л бүх горьдлого тасарлаа гэж бодохноо орох ч газар олдохгүй, оочсон ус ч орохгүй байсан шүү гэж ирээд л тээр хол мэт бүдэг бадаг ярих нь зүүд шиг санагдаж билээ. Ирсэн хүмүүсийн хэл ам татчихсан юм шиг дуугүй сууж байснаа тээр цаанаас бие чинь яаж байна гэх битүү дуу бүдэг дуулдахаас цаашгүй. Хадам эх Хэнмаа нь төрсөн өдрөөр нь бэлгэлсэн хөх хамбан халатаа намируулан таван хуруундаа багтаж ядсан алтан бөгжүүдээ гялалзуулан орны урд руу унжсан хөнжлийн сэжүүрийг дээш татан халуун савтай цайнаас хийж ооч, ооч гэж шавдуулна. Бид хоёрт үнэхээр уйдах зав байгаагүй билээ. Лутаа гал тогооны ажилд хуруу дүрэх, элдэв яриа хөөрөөнд хошуу өргөх угаасаа дургүй болохоос хийхдээ ч, хэлэхдээ ч тулах юм бол хэнээс ч дутдаггүй билээ. Гэртээ байхдаа алиа хошин, дуугүй сууна гэж үгүй. Ингэж л бид хоёр чөлөөтэй цагаа өнгөөж, гарах хүүгийнхээ тухай уйгагүй ярилцаж, алаг үр минь гэж өдөр хоногоор томрох хэвлийд нь хушуу хүргэн үнсэхэдмөнөөх бяцхан амьтан зөн совингоороо мэдэрч хөл гараа хөдөлгөх бүрийг ажиглаж сууна. Ийнхүү бид хоёр орой үдшийн цагаар гар хурууны үзүүрээр ойр зуурханыг хийж цаг хугацааг өнгөрснийг ч мэдэхгүй. Тэгээд маргааш хойчийнхоо тухай бодлоо ихээхэн хол билчээрлүүлж, хонгор үрийнхээ төлөө цаг зав гаргах талаараа ч урьдчилан ярилцах нь цөөнгүй. Жирэмсэн болсноос хойш хадам эхийн ааш гэж хайлсан тугалга л гэсэн үг. Нутаг нугийнхныхаа өмнө нүүр тахлах ганц бэр хэмээн тоож бэрийнхээ тухай аяга цай уухын хооронд магтаад амжина. Ооноо ч оорсон гарсан бүхэнд мэндтэй, устай байхыг хэчээвч угийн хөдөө төрж өссөн түүнд засч залруулах сурч мэдэх зүйл бий. Ооноо биеийн чилээгээ гаргах зуур дахин бодов. Хадам ээжийгээ хундага дарс ууж байхыг бэр болсон гурван жилийн хугацаанд хараагүй билээ. Харин намайг хэвтэхийн урд орой нилээд халамцуухан ирж “манайх гэдэг айлын энэ зэрэг нэр нүүртэй яваа нь муу хүүгийн минь л ач. Ооноо бид хоёрт гийгүүлсэн юм юу байна. өчнөөн жил эр эм нь мэдэгдэхгүй юм явж явж арайхийж нэг юм жирэмсэн болоод орой өглөөгүй огиж бөөлжсөн, ямбалж ярагласан хүн байх юм. Ямар хүүхэд гаргаж үзээгүй биш. Би мэдэлгүй дээ. Арай дэндүү юм. Гэр орноо өөдтэй өнгөтэй байлгах нь та нараас л шалтгаана. Би чинь гаднаас нь харахад өө сэвээ оо энгэсэгээр далдалсан тарган авгай ч гэсэн хоёр төрд нүүртэй хүн шүү. Арай гэж нэг жирэмсэн болохоороо ажил албаа орхидог нь хаанахын ёс юм бол” гэж байсан нь Ооноод байн байн сангадана. Төрөлхийн гүйх ухаантай хадам эх нь хойно урд орон, эн тэрхнээр аргадаж Лутаабас үг дайн аргамжаатай морь шиг энэ айлын гал голомтыг манах болж билээ. Тэр үед Ооноо хадам хөгшнийг ааль араншин сайтай, эхээсээ багадаа хоцорсон надад ёстой л заяасан ганц бурхан минь гэж бодож байснаас бусдын хооронд чулуу, билүү шидэн хараал хэрүүлийн ад зэтгэр сэтгэл дотор нь бугшааж хаа нэгтэй юу юугүй дэлбэрэх шахаж явдагийг нь даанч мэдэггүй явж дээ. Тэр ад зэтгэр нь ойрын хэдэн жилдээ хүүхэд төрүүлэх боломжгүй гэснээс үүдэн Ооноон тухай гялтайж цайх зүйлгүй болтол нь хав хар бодолдоо эзлэгдэж явжээ.
– Лутаа, Ооноо хоёр мянга шахам километр яваад нэг их овон товон, хонхор хотгор болсон замаар явсаар гэрэл цахилгаан ч үгүй хэдэн модон байшингийн гадаа ирэв. Зарим өрөөнөөс лааны бүдэг гэрэл улалзаж, тээр тэртээд молцоглон тогтсон манхан элс сарны саруулд шаргалтан харагдана. За энэ л нөгөө сувилгааны элс юм байна гэж бодоод, яаж орохоо ч мэдэхгүй шүү дээ би чинь гэх бодол зурсхийн орж ирэв. Үйлчлэгч бололтой бүсгүйд:
– Бид хоёулаа яваа юм аа. Хоёулаа нэг өрөөнд гэтэл тэндээс махлаг бор авгай төмөр орныхоо пүршин дээр суунгаа – Харин та хоёр азтай байна. Дөнгөж сая машинтай хүмүүс явж, одооианай өрөөнд хоёр ор гарсан бушуухан орж ав гэв. Үйлчлэгч нь –арван хэдүүлээ шүү дээ гэхэд Лутаа одоо яахав гэсэн янзтай жаахан хүүхэд шиг хуруугаараа оролдон бодлогширон зогссоноо хоёулаа майхандаа… гэтэл мөнөөх тарган бүсгүй үгийг нь таслан – энд миний хүү наймаа панз хийх гэсэн ч юмуу наргиж цэнгэх гэж ирсэн хүн ганц ч байхгүй. Бүгд өвчний мөр хөөсөн хүмүүс л байдаг юм. Зуны ганц нэгхэн сар л ажилладаг болохоор сувилуулах хүн нь багтдаггүй юм шүү дээ. Эгч нь арав гаруй жил энэ сувилалд явж байна. Насаараа байх биш дээ. Ирсэн олонтойгоо бужагнаж байгаад шаргал манхандаа арав хоносон байхад жилээ дана шү дээ. Ер нь манай монголчууд чинь хаяа багтахаараа бууж, хазаар багтахаараа ид гэсэн сайхан үг байдаг биз дээ. Бусад газар шиг майхан, машин бараадна гэвэл тэр бүтдэггүй юм. Жин үдийн хэрл элсэн дээр далан хэм хүртэл халдаг юм. Тэр үед майханд толгойгоо ч оруулж чаддаггүй юм гэлээ. Ингээд л арав шахам хүнтэй нэгэн өрөөнд орсон билээ. Маргааш өглөөнөөс нь хуучин сувилуулагчдыг даган ар араасаа тогтсон алтан шаргал элст манхан чиглэн очиж нэгэн томоохон овоолгын хормойд онгоцоо татлаа. Энэ л манхандаа бүтэн гурван жил орж, нарийн мэргэжлийн хяналтанд байж төрөх хэрэгтэй… гэсэн үгийг эмчээсээ анх удаа сонсож билээ. Бүтэн гурван жил яваад сэдрэлт бараг байхгүй байв. Мэргэжлийн эмч үзээд нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэв. Бүх шинжилгээ хийлгээд очиход эмч, хариуг нь харж баахан сууснаа, одоо дэг сайн баривал хүүхэд төрүүлж болохоор болжээ. Эх барих эмэгтэйчүүдийн эмч, бөөрний нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд давхар байна шүү дээ гээд зөвлөгөө өгөв. Яагаад ч юм, жирэмсэний хяналтанд байхад нь ингэж зөвлөдөг байсан нь санаанд тодхон байв. Ингээд л хөөхөн охин нь ямар нэг хүндрэлгүй төрж энэ жил гурван нас хүрч байгаа билээ.
– Ооноо бүтэн арв хоног энэ бие, эрүүл мэндээ даатган сувилуулсан элсэн онгоцоо шууж, доод талын нурсан элсээр элсэн онгоцныхоо хонхорыг нь дүүргэж тэгшлээд гишгэсэн мөрөө хүртэл дарж, байгаль эхээс байсан янзаар нь болголоо. Энэ жил гандуу байсан ч дэлхий дэлэгнэж ойрноос бороо орох болсон нь нутаг нугаас сувилалд ирсэн хүмүүсийн сэтгэл тэнэгэр алхах болжээ.
– Эвий минь энэ хэдэн байшин, шил шилээ харсан хонгор элс хичнээн ч рүний аминд орж, өвчнийг нь илааршуулж, нас буян хайрласныг тоолоод барахгүй билээ. Ямар сайндаа л :
– Архаг хуучийг анагаадаг нь
– Алтан шаргал элс үү дээ хө
– Амраг хосууд шиг дасгадаг нь
– Амралтын хэдхэн хоног уудаа хө… гэж ирээд л бие биенээ егөөдсөн дуу хүртэл гарахав дээ. Хавар болоод бие нозоороод баахан сулраад ирэхэд сувилал маань ажиллах болоогүйг мэдсээр байж сувилал хэзээнээс ажиллах вэ гээд л асуучихдаг сан. Анх энэ сувилалд ирэхэд элсэн манханы орой дээрээс сувилалын орчин алган дээр юм шиг тодхон. Ооноо, хангайн нуруу эсвэл цаст Гимилайн нуруунаас таслаад авчирсан байлтай Зүүн голын мяралзан урсах гүехэн ус тэртээд дуниартан шаргалтах Бигэр нуур луу алслан одож, ар араасаа шилээ даган бидэртэх таван элсэн манхануудын тогтоцыг ажиглан алмайрч зогсохдоо хөдөө төрсөн хэрнээ энэ говьд ийм диваажин байдаг аа хэмээн аман дотроо шүүрс алдаж билээ. Зуны шаргал наран зулай дээрээс нэвт төөнөн таана, мангир, боролзой багалуурын үнэр сэнгэнэн, аруин дагшин байгаль, манхан ижий нь нэг л сонин сэтгэл тайвшруулсан мэдрэмж төрүүлж байсан нь өнөөдөр ч хэвээрээ. Ооноо охиндоо хандан:
– Хоёулаа онгоцоо шууж манханаа байсан янзаар нь болгож ижий манханаа баярлуулъя даа. Миний охин ижий манханаас гуйх гээд байснаа гуйсан уу? Гэхэд
– Гуйсаан ээжээ.. гэв.
– Юу гуйсан , ээждээ хэлж болох уу, миний охин…
– Над хөөрхөн дүү өгөөч гээд гуйчихсан…
– Нээрэн л миний охин чинь энэ л ижий манханы хүүхэд юм шүү дээ… гээд норсон аньсагаа шудран арчаад инээмсэглэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх