АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусыг БНСУ-аас авна

2016 оны 03-р сарын 29 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зам тээврийн сайд М.Зоригтаар ахлуулсан баг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын “Хьюндай” компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхэд бэлэн болжээ.

АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гараад буй аж. Туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн автобус авахаар ярилцжээ.Автобусуудыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирэх аж. Харин жолооч нарыг сургах, автобусуудыг хадгалж, хамгаалах, маршрут тогтоох, зочид төлөөлөгчдөд үйлчлэх ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцна.

Харин АСЕМ-ын дараа автобусуудыг улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах аж. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр энэ автобусуудыг өгөх юм байна.

АТҮТ-тэй гэрээтэй улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй компаниас автобус авах санал хүсэлтээ ЗТЯ болон АТҮТ-д ирүүлсний дагуу АСЕМ дууссаны дараа сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гарч, банк банк бус байгууллагуудын зээлийн нөхцөлд тавих шаардлагын дагуу тухайн компанийн санхүүгийн чадавхи, маршрут, санхүүгийн тайлан зэргийг үндэслэн хуваарилахаар болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх